УИХ-ын сонгуулийн 60 дугаар тойрог, Сүхбаатар, Багануур дүүрэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр өчигдөр Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэдтэй уулзлаа. Уулзалтын эхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшаас улс төрч болсон шалтгаанаа танилцууллаа.
300 хүүхдэд хичээл заагаад явах уу, 3 сая иргэнийхээ эрхийг хамгаалах хууль батлах уу? Эндээс тэр сонголтоо хийжээ.
Х.Тэмүүжин гишүүн найман жилийн хугацаанд 43 хуулийн төсөл санаачилж, ажлын хэсэгт орж ажиллажээ. Тэдгээрээс 26 хуулийн төсөл нь УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсан бол 15 хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа гэлээ.
Тэрээр сонгогчдод өөрийн санаачилсан, УИХ-аар хэлэлцэж дэмжсэн, одоо иргэдэд үр дүнгээ өгч буй хуулиудаа тайлбарлаж, сонирхсон асуултад хариулт өгсний дараа өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцолж, товчхон танилцуулаа.
Тухайлбал, Улаанбаатар хотын гэр хороолол бүхэлдээ гэрэлтүүлэгтэй болсон. Ингэснээр гэмт хэрэг буурсан. “School police” эргүүл гаргасан. Сургуулийн орчимд хүүхэд осолд орох тохиолдол буурсан. ЕБС-иудыг тойруулаад камертай болгосон. Гэмт хэрэг буурсан гэх мэт хийсэн ажил нь иргэдийн эрхийг хамгаалсан бодлого шийдвэр болсныг иргэд талархалтайгаар сонссон юм.
Х.Тэмүүжин гишүүний өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд санаачилж хэрэгжүүлсэн ажилд тус хорооны иргэд талархаж буйгаа илэрхийлээд, илүү их зүйл хийж бүтээхийг захиснаар уулзалт өндөрлөлөө.