Эдийн засагчид төрд гарахгүй бол эдийн засаг хөгжихгүй нь

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

Эдийн засагчид төрд гарахгүй бол эдийн засаг хөгжихгүй нь

УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн эвсэлээс нэр дэвшигч Монгол улсын гавъяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгтэй ярилцлаа.


-Амжиргаагаа дээшлүүлэх хамгийн том хүчин зүйл бол мэдээж цалин. Дундаж цалингийн хэмжээг нэмэх арга замын талаар яриагаа эхэлвэл ямар вэ?

-Монгол улс цалингийн түвшингээ зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай байна. Цалингийн түвшинг нэмэгдүүлэх 2 арга бий.

  1. Үндсэн цалингаас гадна урамшуулал цалин олгох. Тухайн ажилчин бүтэн цаг ажиллаад үндсэн цалингаа авна. Мөн компаний ашгаас урамшуулал цалин өгөх боломжтой юм. Энэ нь аль аль талдаа их ашигтай.

  2. Үйлдвэрийнхээ хувьцааг ажилчиддаа эзэмшүүлж хувьцаанд нь ногдол ашиг тараах хэрэгтэй.

Ажилчид үндсэн цалин, урамшуулал цалин, хувьцааны цалин гээд гурван эх сурвалжаас цалингаа авч байвал дундаж цалин илт нэмэгдэнэ. Ажилчид ч ашгаасаа цалин аваад эхэлвэл ашгийн төлөө үр дүнтэй ажиллах юм. Ашгийн төлөө ажиллана гэдэг бүтээмжээ дээшлүүлнэ, зардлаа бууруулна гэсэн үг.

Манай мөрийн хөтөлбөрт хангалуун амьдралд хүргэнэ гэж байгаа нь цалингийн тухай ярьж байгаа хэрэг.

-Манай оронд дундаж цалин бага байгаагаас ажиллах хүч маань гадаадад гарч ажил хөдөлмөр эрхэлсээр байна. Энэ талаар таны үзэл бодлыг сонсмоор байна.

-Монгол улсын цалингийн түвшин их доогуур байгааг бид бүгд мэднэ. Тийм ч учраас манай залуучууд гадаадад ажиллахаар явдаг. Энэ бол хөдөлмөрийн зах зээл. Хөдөлмөрийн зах зээл дээр хаана өндөр цалинтай ажлын байр байна тэнд эрэлт үүснэ. Нийлүүлэлт нь ч бас тийшээ шилждэг. Тийм учраас цалин голно гэдэг нэг талаар дотоодын аж ахуйн нэгжүүдэд анхааруулга өгч байгаа хэрэг.

Гэвч нөгөө талаар Монгол улсын ажиллах хүч Монгол улсдаа биш гадны компанид ашиг бүтээж өгч байна шүү дээ. Гадагшаа явж буй залуучууд Монголдоо ажиллаж байсан бол нэгдүгээрт өөрөө цалин авна, хоёрдугаарт компаний ашгийг бий болгоход туслана. Хувьцааг нь бас ихэсгэнэ үг. Харин компаний ашгаас улсын төсөв татвар авдаг.

-Ирэх 4 жилд эдийн засаг, цалин, тэтгэвэрт ямар өөрчлөлт орох боломж байна вэ?

-Юуны өмнө эдийн засгийн хямралаас гарах хэрэгтэй. Дараа нь эдийн засгаа тогтвортой стратеги баримталж зөв хөгжүүлэх хэрэгтэй байна. Эдийн засагчид энэ олон төрлийн үйлдвэрүүдийг хуваарилах хэрэгтэй. Тэгвэл ашиг орлого, тухайн салбартаа нэмэгдэнэ.

Бизнес эрхэлж байгаа хүмүүсийг сармагчин, тахиа,  үнэг гэсэн гурван амьтнаар дүрслэж болно.

Сармагчин шинийг сэтгэдэг

Тахиа хувийн хэвшил

Үнэг бол бусдынхаа хийсэн зүйлийг хуулбарлагч

Манай улсад чөлөөт зах зээлийн үр дүнд үнэг шиг нэгнийхээ хийж байгаа бизнесийг хийгээд бүгд ашиггүй болчихож байна шүү дээ. Үүнийг л өөрчилмөөр байгаа юм. Төр чөлөөт зах зээлд оролцож энэ олон үнэг шиг байгууллагуудад зохицуулалт хийж өөр салбарт ороход нь тусалж дэмжих хэрэгтэй.

Бусад оронд бол төрөөс “Танайх ийм бүтээмжтэй, ийм стандарттай ажлын байрыг бий болгоно” гээд үйлдвэрлэлийг бий болгох, ажлын байр бий болгохыг хатуу зохицуулдаг. Манайд ийм л зохицуулалт хэрэгтэй байна.

-Эдийн засаг хямрахад хүргэсэн гол хүчин зүйл?

-Эдийн засаг хямарсан олон хүчин зүйл бий. Хамгийн том хүчин зүйлүүдийн нэг нь Монгол улсад эдийн засгийн зөв бодлого байхгүйн дээр түүхий эдийнх нь үнэ унаад байна. Хөдөлмөрийн яамны хүч нь дутагдаж байна. Цар хүрээ нь мөн дутаж байна.

Түүнчлэн бид наймаа хийхдээ ашигтай гэрээ хийж чадахгүй байгаа юм. Өнгөрсөн 4 жилд хэрэв төмөр зам тавьсан бол Монголын нүүрсний үнэ унахгүй байх байлаа. Төмөр замаараа шууд гаргаад байвал 10-15 долларын хямд гарна шүү дээ.

Ер нь Сингапур, Хонг Конг, Тайван, Өмнөд Солонгос 20-30 жилийн хугацаанд маш хурдан хөгжсөн. Маш хатуу гараар зохион байгуулалтай хөгжлөө. Манайх тэгж чадаж байна уу? Гэхдээ яахав цөөн тооны бизнесмен, цөөн тооны өндөр орлоготой хүмүүс амьдрал нь сайжраад үлдсэн л дээ. Дийлэнх хүмүүсийн амьдрал доогуур байна шүү дээ.

Ер нь манай эдийн засгийг МАНАН-гийн эдийн засагчид 26 жил удирдаад бид хөгжиж чадсангүй. Одоо МАНАН-гаас өөр намуудын эдийн засагч нарыг УИХ-д оруулаад үзэх юм бол Монголын эдийн засгийг зөв хөгжүүлж магадгүй гэсэн бодолтой байна.

-Хэрвээ УИХ-ын гишүүнээр сонгогдвол эдийн засгийн хямралын эсрэг та юу хийх вэ?

-УИХ-ын гишүүн болвол УИХ-д олон эрдэмтдээс бүрдсэн “Хямралын эсрэг” зөвлөл ажиллуулна. Тэгээд Математик тооцоогоор оношоо тавина. Эдийн засгийн стратеги,  хямралыг давах хөтөлбөр гаргана. Тэр хөтөлбөрийг УИХ баталж, Засгийн  газар түүнийг хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

Ер нь яаралтай хямралыг оношлох л хэрэгтэй байна. Оношлох бол мэргэжлийн хүмүүсийн хувьд сарын л ажил. Хэдэн тоонууд дээр анализ хийнэ. Сарын дотор Монголын эдийн засгийг оношлоод хямралаас гарах арга замуудыг гаргаад, УИХ-аар батлуулах боломжтой. Үүнийг бусад намын гишүүд бүгд дэмжинэ. Эдийн засагчид төрд  гарахгүйгээр эдийн засгаа хөгжүүлнэ гэж байхгүй биз дээ.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын сонгуулийн 71-р тойрогт нэр дэвшигч Н.Дашзэвэгийн сонгуулийн штаб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж