МОНГОЛ, МЬЯНМАРЫН БИЗНЕС УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр /VI.15/ Монгол, Мьянмарын бизнес уулзалтад оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж, бизнес эрхлэгчдийн түншлэл эрчимжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улсын түүх соёл, байгалийн баялаг гэх мэт салбарт адил төстэй зүйл их, цаашид харилцан туршлага солилцон хамтдаа өсөн дэвжих боломж бололцоо өргөн гэдгийг тэрбээр онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ ардчилал, хүний эрхийг хөгжүүлэх, хууль, шударга ёсыг сайжруулах чиглэлд улс орныхоо хуримтлуулсан туршлага, алдаа онооны талаар хуваалцан ярихдаа үргэлж нээлттэй байхаа мэдэгдэв. Тэрбээр Монгол Улс уул уурхайн салбараас олсон орлогоо үр хойчдоо үлдээх зорилгоор санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хууль, мөн түүнчлэн уул уурхайн түүхий эдийг бүрэн боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудад экспортлон гаргахын ач холбогдол, өмч хувьчлалын талаар дурдав. Аж үйлдвэр, мал аж ахуйн салбарын хөгжлийг онцолж, энэ тал дээр хоёр орны бизнесийн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг хэллээ.
Мөн хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийг ашиглах таатай нөхцөл бүрдсэнийг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Мьянмарын бизнес уулзалтыг зохион байгуулагч, нийт оролцогчдын цаашдын ажил үйлсэд амжилт хүсэн ерөөснөөр хэлэх үгээ өндөрлөлөө.
Уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Нэйпидо хотын Мьянмарын Үндэсний музейд зочлон, хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ “БАЙГАЛИЙН БАЯЛАГ АШИГЛАЛТЫН ЗҮЙ ЗОХИСТОЙ МЕНЕЖМЕНТ 2” СЕМИНАРТ ОРОЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хийж буй ажлын айлчлал Нэйпидо хотноо үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” уул уурхай, эрдэс баялагийн сайд нарын олон улсын семинарт оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч семинарт хэлсэн үгэндээ
Өдрийн мэнд хатагтай, ноёд оо,
Энэхүү семинарт оролцохоор Монгол Улс, Мьянмар, Киргизстан зэрэг улсаас хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгчид та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Монгол Улс бол байгалийн баялгаар дэлхийд тэргүүлэх арван орны нэг гэдгийг та бүхэн мэдэх байх. Гэвч энэ баялгийг зөв зохистой олборлож, менежмент хийнэ гэдэг бидний хувьд том сорилт болоод байна. Энэ салбарт бид чамгүй туршлага хуримтлуулж, алдаж оносон нь ч бий. Тэгэхээр энэ чиглэлээр хуримтлуулсан туршлагаа та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.
Монголын эдийн засаг өсөлт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байсан удаатай. Тухайн үед Монголын төсөв эрс нэмэгдэж, тэр хэмжээгээр зардал ч өссөн. Гэвч Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ буурсан нь манай орны өсөлт хөгжилд ч нөлөөллөө. Үүнээс хойш бид чамгүй бэрхшээлтэй тулгарсаар өнөөг хүрчээ.
Ингээд бид байгалийн баялгаа зөв зохистой ашигласан Норвеги тэргүүтэй улс орны туршлага, шийдлийг судалсан. Энэ салбарт бид бусад улс орны туршлага судалж, баялгийн сан байгуулах, улс төрийн манлайлал гаргах гэх мэт ажил чухал болохыг ойлгосон.
Байгалийн баялгаас ашиг ихээр орж ирэх үед Монголын улс төрийн намууд иргэдэд бэлэн мөнгө амлаж, хөрөнгийг их хэмжээгээр зарцуулснаас бид хатуу сургамж авсан. Уул уурхайн ашиг орлогын зарцуулалтыг оновчтой болгохоос гадна сайн засгийг хөгжүүлэх, авлигыг бууруулахгүй бол баялгийн зөв зохистой менежмэнт хийхэд бэрх юм гэдгийг бид ойлгосон. Ингээд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн, авлигын эсрэг хуулийг чангатгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж, хуулийн иж бүрэн шинэчлэлийг эхлүүлсэн юм.
Бид чухам ямар учраас энэ бүх өөрчлөлтийг хийх болов? Хэрэв улс орон, ард иргэдийнхээ амьдралыг амгалан тайван байлгая гэвэл илүү нээлттэй, ил тод байх хэрэгтэй. Авлигатай тэмцэх нь Монголд зөвхөн төр засгийн биш бүх нийтийн хийх ажил болоод байна. Аливаа улс оронд аюул занал гаднаас биш дотроос нүүрлэдэг. Хөрөнгө мөнгө ихтэй дээрээс муу засаглал, менежменттэй бол бэрхшээл учирна.
Энэ чиглэлээр бид Норвегийн туршлагыг судалж, тус улсад айлчилж байсан. Манай хоёр орон байгалийн баялгийн зөв зохистой ашиглах талаар нягт хамтран ажиллаж, энэ салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах, Монголд баялгийн сан байгуулах санаачлага гаргасан.
Монголчууд бид бусдад зааж сургах хүсэлгүй. Харин бидэнд бусадтай хуваалцах сайн сургамж, туршлага бий. Монголын ардчиллыг хэрхэн хөгжүүлсэн, улс орноо хэрхэн нээлттэй ил тод болгосон, иргэний оролцоог хэрхэн нэмэгдүүлсэн, энэ бүхнийг хэрэгжүүлэх явцад бид чухам ямар саад бэрхшээлтэй тулгарснаа бид бусадтай хуваалцахыг эрмэлзэнэ.
Бидний туршлагаас суралцсан Киргизстанд саяхан ил тод нээлттэй сонгууль боллоо. Ардчилал, шударга ёс, хуулийн засаглалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх энэ сайхан ажилд өөрийн хувь нэмрээ оруулж буйдаа монголчууд бахархдаг. Уул уурхайн салбар дахь Норвегийн туршлага яагаад хэрэгтэй юм бэ? Бид үр хойчдоо өр биш санхүүгийн боломжийг нь бүрдүүлж үлдээх ёстой. Энэ бол бидний хариуцлага.
Та бүхний зохион байгуулж буй энэ семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа” хэмээв.
“Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 1” семинарыг өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Энэ удаагийн семинарт Монгол, Мьянмар, Киргиз, Тимор Лесте, Бутан Улсын уул уурхай, эрдэс баялгийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцож, уул уурхайн салбарын хөгжил, ашигт малтмалын салбарт тулгамдаж байгаа сорилт, ололт амжилтын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцав.
Семинарын үеэр Мьянмарын Эрдэс баялаг, байгаль орчин хамгааллын сайд Он Вин, Монголын Уул уурхайн сайд Р.Жигжид нар үг хэлэв. Монгол Улс ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчилалд шилжиж буй улс орнуудтай хуваалцаж хамтран ажиллах хүрээнд Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сан Мьянмар, Киргиз, Зүүн-Тимор зэрэг улстай сайн засаглалыг хөгжүүлэх, байгалийн нөөцийн зөв зохистой менежмент зэрэг асуудлаар хамтран ажиллаж байгаа юм.
Хоёр өдөр үргэлжлэх уг семинарт Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик, Бутаны Ерөнхий сайд асан Жигмэ Тинлэй, Зүүн-Тиморын Газрын тосны сайд А.Пайрес зэрэг нэр хүндтэй өндөр түвшний төлөөлөгчид, судлаачид өөрсдийн орны уул уурхайн салбарын хөгжлийн тухай, ашигт малтмалыг зөв зохистой ашиглах чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
МЬЯНМАРЫН ХОЛБООНЫ БҮГД НАЙРАМДАХ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн өчигдөр /VI.15/ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу хэлэхдээ “Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд манай улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж танд гүнээ талархал илэрхийлье. Таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад тавта морилохыг хүсье” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Намайг болон миний дагалдан яваа зочид төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархаж байна. Хоёр улсын хоорондын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд айлчилж байгаадаа баяртай байна. Манай хоёр улсын хооронд харилцаа хамтын ажиллагаагаа сайжруулах салбар, нөөц боломж их бий. Сүүлийн жилүүдэд хоёр талын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж нэмэгдэж байгааг дурдахад таатай байна. Мьянмарын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн албаны төлөөлөгчид Монголд айлчлан ирсэн. Энэ харилцааны дүнд хоёр улсын ард иргэд маань харилцан туршлага суралцах, бие биенээ дэмжих эрмэлзэлтэй болж байгаа нь хамгаас сайшаалтай. Монголчууд 1990-ээд оноос ардчилалд шилжин зах зээлийн эдийн засгийг сонгосон. Аливаа өөрчлөлт шилжилтийг хийх тухай ярих, хэрэгжүүлэх хоёр тэс ондоо. Энэ хүнд бэрх замыг туулсан бид сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцахыг хүсдэг. Бид Мьянмар Улсад өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр бид өнөөдөр “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” семинарт оролцоод ирлээ. Энэхүү семинарт байгалийн баялгаас орох ашиг орлогыг хэрхэн оновчтой зарцуулах, ашгийг ард иргэдэд эн тэнцүү хуваарилахын тулд сайн засаглалыг бүрдүүлэх нь чухал гэх мэт чухал сэдвийг хөндөж ярилцлаа. Мьянмарын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллах болсонд тань баяр хүргэе. Таны манлайллын дагуу Мьянмар улам бүр хөгжин цэцэглэж, улам нээлттэй улс орон болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мьянмарын Ерөнхийлөгч Тин Чяу “Ардчиллын замыг сонгон амжилт бүтээлээр дүүрэн яваа Монголын ард түмнээр бахархдаг. Энэ чиглэлээр манай хоёр орон харилцан туршлага солилцож байгаад баяртай байна. Монгол Улс өөрийн хөрш орнууд, бүс нутаг, тив дэлхийн орнуудтай, НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудтай эвийн сайхан харилцаатай байдгийг бид сайшаадаг” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч хариу хэлэхдээ “Манай хоёр орны ард иргэд шашин шүтлэг, түүх соёл, оюун санааны сэжмээр холбогддог. Энэ чиглэлээр хамтран ажиллаж, буддын шашны сургуульд сурах сонирхолтой залуусаа харилцан илгээн сургах боломж бий. Мөн Монгол Улс нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхитэй оролцон олон улсын цэргийн хээрийн сургалт, дадлагыг зохион явуулдаг. Энэ арга хэмжээнд Мьянмарын зэвсэгт хүчний бие төлөөлөгчдийг оролцуулбал бид нээлттэй хүлээн авах болно. Мөн манай хоёр орны хооронд эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа болон бусад салбаруудад харилцааг өргөжүүлэх өргөн боломж байна. Удахгүй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд түвшний уулзалт болно. Энэ арга хэмжээнд Мьянмар Улс идэвхитэй оролцоно гэдэгт найдаж байна. Та бүхний оролцоо бидний хувьд томоохон дэмжлэг болно” хэмээв.
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу нар хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.
БАРИМТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦЛОО
Албан ёсны хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тин Чяу нар хоёр талын баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Ёслолын үеэр Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Мьянмарын Шашны харилцаа, урлагийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
МЬЯНМАРЫН ТӨРИЙН ЗӨВЛӨХ БӨГӨӨД ГАДААД ХЭРГИЙН САЙД АУНГ САН СҮ ЧИЙТЭЙ УУЛЗАВ
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чийтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монголын ард түмэн сурсан мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах эрмэлзлээр дүүрэн байдаг. Энэ эрмэлзлийн дагуу, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд бид Мьянмар Улсад ажлын айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Айлчлалын богино хугацаанд бид олон арга хэмжээнд оролцлоо. Юуны түрүүнд түүхэн сонголтыг хийсэн Мьянмарын ард түмэнд баяр хүргэе” гэв.
Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хариу хэлэхдээ “Хоёр улсын харилцаа эрчимжиж буй энэ чухал цаг мөчид айлчлан ирсэнд тань талархаж байна. Таны айлчлал манай хоёр орны цаашдын хамтын ажиллагааг улам бүр батжуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч таны ажлын айлчлалд амжилт хүсэн ерөөе” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү айлчлалын хүрээнд Монгол, Мьянмарын бизнес уулзалт болон “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” сэдэвт семинарт оролцон, улс орныхоо ардчилсан шилжилтийн замыг туулсан туршлага, алдаж оносон сургамжаасаа хуваалцахыг хичээсэн тухай дурдлаа. Мөн өнөөдөр буюу зургадугаар сарын 16-нд товлогдоод буй Мьянмарын төрийн албан хаагч, багш, оюутнуудтай хийх уулзалтын тухай ярив. Уг уулзалтад Монголын ардчиллын замнал, нийгмийн байдал, эдийн засаг, уул уурхайн салбарт хуримтлуулсан туршлагын талаар таниулахыг зорьж буйгаа дурдав. Аливаа улс орны хөгжил сайн засаглалаас шууд хамаардаг учраас энэ чиглэлд Монгол Улс чухам ямар ахиц дэвшил гаргаж, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгааг танилцуулахаар зорьсон тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч ярилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Өнөөдөр эхэлсэн “Байгалийн баялаг ашиглалтын зүй зохистой менежмент 2” сэдэвт семинарын үеэр талууд байгалийн баялаг нөөц бүхий улс оронд түгээмэл тулгамддаг онц чухал асуудлуудыг хөндөж, оновчтой шийдэл олныг санал болгож байсан. Тиймээс энэхүү семинар нь оролцогч талууд болох Монгол, Мьянмар, Киргизстан тэргүүтэй улс орны төлөөлөгчдөд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж байна. Уул уурхайн баялгаа ашиглаж эхэлсэн он жилүүдэд Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхий нийтэд тэргүүлж байсан. Бага хугацаанд олсон их хэмжээний ашгаа нийгмийн халамж, мөнгө тараах гэх мэт ирээдүй муутай ажилд зарцуулсан. Улмаар түүхий эдийн хэрэглэгч орнуудын эрэлт дэлхийн эдийн засгийн хямралын улмаас буурснаар Монголын эдийн засагт хүнд үе ирсэн. Энэ хүндрэл бэрхшээлээс гарахын тулд монголчууд уул уурхайн баялгаа хөгжил дэвшилд үр дүнтэй ашиглаж чадсан Норвеги тэргүүтэй улс орны туршлагаас судлан хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгч байна. Монгол нь уул уурхайн баялаг нөөцийн хувьд Мьянмартай ижил төстэй тул энэ салбарт хуримтлуулсан туршлагаа чөлөөтэй хуваалцах хүсэлтэй байдаг” хэмээв.
Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий хэлэхдээ “Ардчиллыг эрчимтэй хөгжүүлэхийн зэрэгцээ өөрийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж буй Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Харилцан туршлагаа хуваалцан хамтран ажиллах нь хоёр талын харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд чухал үүрэгтэй” хэмээн онцлов.
Монгол Улсын Ерөнхийлөгч 1990-ээд оноос хойш Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо эрс өсч, өнөөдөр нийт иргэд нь цахим орчинд чөлөөтэй санал бодлоо илэрхийлж, олон нийтийн сүлжээг ямар ч саадгүй ашигладаг болохыг дурдав. Уулзалтын төгсгөлд тэрбээр удахгүй Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад Мьянмарын Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.
Эх сурвалж: president.mn