Сонгуулийн өмнөхөн “Шударга ёс” бүлгээсээ болон намаасаа албан ёсоор гарсан Г.Уянгатай холбоотой хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тодруулбал, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын Удирдах зөвлөлийн гишүүд болох А.Амартайван, Б.Сайнтөр нарын хүмүүс ТТЭНН-ын дарга гэгдээд байгаа УИХ-ын гишүүн Г.Уянгыг хууль бусаар намын дарга болсон гэж мэдэгдэв. Тэд хэлэхдээ, “ТТЭНН-ын даргаар сонгогдсон гэсэн материалыг Дээд шүүхэд бүрдүүлж өгөхдөө ирцийн гарын үсгийг хуурамчаар зурсан байх магадлалтай. Тиймээс үүнийг шалгуулахын тулд бид Дээд шүүхэд хандана” хэмээн мэдэгдлээ.
ЭЕШ өчигдөр орон даяар монгол, хэл бичгийн шалгалтаар эхэлсэн. ЭЕШ-д нийтдээ 37200 залуус оролцохоор бүртгүүлсэн байна. Гэтэл шалгалтын байр тодорхойгүйгээс монгол, хэл бичгийн шалгалтаа олон хүүхэд өгч чадаагүй үлдсэн байна. Өнөөдөр Англи хэл, Монгол улсын түүх, Химийн хичээлүүдийн шалгалт болно. Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч чадаагүй бол дараагийн шалгалтууддаа орох боломжгүй болж байгаа юм.
Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ болох гэж байна. Олон улсын амьд хөгжмийн уг наадам энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд “Монгол Шилтгээн”-д болно.
Мах экспортлох асуудлаар олон улстай амжилттай гэрээ, хэлэлцээр байгуулсны үр дүнд 2015 онд манай улсын 12 компани гадаадын дөрвөн улсад 4715 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон бол энэ он гарсаар нийт 1000 орчим тонн мах экспортлоод байна.
Энэ онд улсын хэмжээнд 323 мянган га-д үр тариа тариалахаас 362.4 мянган га-д тариалж, үр тарианы тариалалтыг 115.5 хувьтай гүйцэтгээд байна. Үүн дотор улаанбуудайг 301.5 га-д тариалахыг 340.7 мянган га-д тариалж, төлөвлөсөн хэмжээнээс 13 хувиар давуулан тариалсан байна. Ингэснээр энэ хаврын үр тариа тэр дундаа улаанбуудайн тариалалтын ажил амжилттай дууслаа.
Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банктай хамтран “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдааг өчигдөр /2016.06.15/ хотын төв талбайд зохион байгууллаа. Үзэсгэлэнд Чингис бондоос санхүүжилт авсан 129 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, төслийн үр дүнгээ танилцууллаа.
Ажилтан бүсгүйгээ зодож, ёс бусаар хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарын хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Шүүхээс түүнд есөн жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оноосон байна.