Эгүүлэн татах асуудал яригдах уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

Эгүүлэн татах асуудал яригдах уу?

Иргэд “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаагаа мөнгөжүүлэхээр банкны гадаа уртын урт дараалал үүсгэн дугаарлаж зогсоход нэр дэвшигчийн “но”-той, “ноцтой” бичлэг 50 сая төгрөг хүрч, өндөр авав.

Эгзэг нь таарвал 50 сая төгрөг, 50 саяын зээл ядах юмгүй л олддог юм байна. Банк бол бичлэг үзээд зээл өгөхгүй, харин олгох зээлийг нь харилцагч цаг хугацаандаа төлж чадах уу гэдгийг нотлох хөрөнгө, орлого юу байна тэр бүгдийн баримтыг л шаардана. Нотолж чадахгүй бол зээл авах хаалга хаагдана. Гэвч сонгуулийн энэ өдрүүдэд итгэж ядам үйл явдал өрнөж байна.

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсноо өчигдөр мэдэгдлээ. Тэрхүү мэдэгдлээр бол УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг гишүүний ёс зүйгүй үйлдлийг гар утсандаа бичсэн. Бичлэгтэй гар утсаа Г.Уянга гишүүн хулгайд алдаагүй, харин бичлэгээ бусдад өгсөн. Тэр бичлэг нь УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Учралын гарт орсон. Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн Х.Бат-Ялалтыг уг бичлэгийг гаргуузай хэмээн 50 сая төгрөг өгсөн гэжээ.

УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт бие даан нэр дэвшсэн Т.Алтаншагай УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах болсноо өчигдөр мэдэгдлээ.

Гэвч Л.Эрдэнэчимэг гишүүн “Х.Бат-Ялалтад 50 сая төгрөгийг зээл хэлбэрээр өгсөн” гэх тайлбар хийсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга “Эмэгтэй нэр дэвшигчдийг хооронд нь хагаралдуулахын тулд эрчүүд бохир улс төр хийж байна. Гар утсаа алдсан учраас цагдаад хандсан” гэдэг тайлбар хийгээд байгаа.  

Сонгуулийн тухай хуулийг сөхвөл 70.1 Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж заажээ. Үүнд:

  • 70.1.1 Мөнгө эд зүйл тараах

  • 70.1.2 Бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах

  • 70.1.3 Аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх.

  • 70.1.4 Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх

  • 70.1.5. Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт сувилалд амраах, сувилуулах

  • 70.1.6. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах

  • 70.1.7. Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх

  • 70.1.8 Хишиг хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулахыг тус ,тус хориглож байгаа юм.

ХАРИН НЭР ДЭВШИГЧИЙГ НЭРИЙН ЖАГСААЛТААС ХАСАХ ТУХАЙД:

Сонгуулийн тухай хуулийн 131.2. Нэр дэвшигч энэ хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол сонгуулийн төв байгууллага уг нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасаж нийтэд мэдээлнэ гэж заажээ. Заалтуудыг тодруулбал,

  • 52 нь Хандив өгөх, хүлээн авахтай холбоотой хориглосон заалт бол 70.5.13.сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн хэлбэрээр тараах
  • 70.5.14. Сонгогчийн санал татах зорилгоор сонгогчид эдийн болон эдийн бус давуу байдал олгох, олгохоор амлах

  • 70.5.15. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх

  • 70.5.16. Сонгогчийн санал худалдан авахад чиглэсэн бусад аливаа үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол гэж тус тус зааж өгчээ.

  • 131.3. Сонгуулийн дүн гарсны дараа буюу нэр дэвшигч УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа энэ хуулийн 131.2-т заасны дагуу нэр дэвшигчийн жагсаалтаас хасагдсан бол УИХ-ын гишүүний түр үнэмлэх нь хүчингүйд тооцогдоно гэж заажээ.

Хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа нэр дэвшигч Т.Алтаншагай мэдэгдсэн. Тиймээс дуулианд нэр холбогдсон нэр дэвшигчдийг “Тэр нь буруутай, энэ нь зөв үйлдэл хийсэн. Бүгд эгүүлэн татах болзлоо хангалаа” хэмээн тодорхойлоход одоо эртдэнэ.

Учир нь Сонгуулийн тухай хуульд заасан заалтаар нэр дэвшигчийг эгүүлэн татах асуудал зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэж гарах юм. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын мэдээлэл нь үнэн үү, худал уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгана. Хэрвээ тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нарыг гүтгэсэн бол өөрсдөө асуудалд орж, буруудах юм.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж