АСЕМ-д зориулж 28 ханатай гэр барина

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

АСЕМ-д зориулж 28 ханатай гэр барина

Жаргалантын ам амс хийх завгүй ажиллах залуусын хөлд дарагджээ. Шар, ногоон дэвсгэрээ дэвссэн мэт, гүйцэт ногоорч амжаагүй хөдөө талд хэсэг цагаан гэрүүд холоос тодрон харагдана. Анир чимээгүй хөдөө талыг барилгын чимээ, барилгачдын дуу амь оруулах шиг сонсогдоно. Учир нь “Чингис хааны хүрээ” цогцолборынхон АСЕМ-ын зочдоо угтахаар амрах завгүй ажиллаж байгаа нь энэ.

24 жилийн турш тасралтгүй амрагчид хүлээж авсан гэдгээрээ туршлагаа харуулах уг цогцолборынхон өндөр, дээд албан тушаалтан, зочид, төлөөлөгчдийг хүлээж авсан багагүй түүхтэй аж. БНХАУ-ын дарга Ши Жинпин, дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам гээд өндөр хэмжээний зочдыг ч хүлээж авсан туршлагатай гэв. Харин энэ удаад тэдний хүлээж авах дээд хэмжээний зочид бол ирэх сарын 15, 16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын зочид юм. АСЕМ-ыг зорьж буй 2500 гаруй өндөр, дээд хэмжээний зочдыг хүлээж авахаар “Чингис хааны хүрээ” цогцолборынхон бүтээн байгуулалтын ажлаа аль хэдийн эхэлжээ.

Цогцолборт том, жижиг нийлсэн нийтдээ 100 гаруй гэр бий. Гэрүүд бүгд молцог тоонотой, хананаас гарах тулгуур баганатай, эсгий бүрээстэй, улаан, цэнхэр, ногоон өнгийн хээ хуар бүхий хүннү загвартай. Гэхдээ зочдыг ирэх хүртэл шороо тоосонд даруулахгүйн тулд гэрүүдийг давхар бүрээсээр бүрсэн байв. Монголын нэрийн хуудас болсон гэрийн хээ хуар, өнгө, загвар гээд бүгдийг түүхч, урлаачдын нарийн судалгаан дор урласан хэмээн зохион байгуулагч тайлбарлаж байлаа. АСЕМ-д зориулаад бүх гэрийнхээ бүрээс, гэр тэрэгний модон сууриудыг шинэчилж байгаатай бид таарсан юм. Мөн нэмээд дөрөв, таван ханатай 22 гэрийг шинээр барьж байгаа аж.  

Их ордны баруун талд дэлхийн хоёр дахь том гэрийг барихаар суурийг нь бэлэн болгожээ. Хоёр дахь том гэрийн хувьд 24 метрийн диаметртэй, 28 ханатай, цэцгэн хэлбэртэй байхаар зураг төслийг гаргасан байна. Үндсэн гэрийг тойроод долоон гэрийг дагуул байдлаар хийж цэцгэн хэлбэртэй барихаар тооцоолжээ. Энэ өргөө ч мөн зочдыг хүлээж авах хоёр дахь том газар юм.

Цогцолборын голд монголчуудын бахархал болсон дэлхийн хамгийн том гэр буюу Их ордон байрлана. Анх 2007 онд суурийг нь тавьж байсан Их ордон бол зочдод зориулсан хүлээн авалт хийх гол газрын нэг. Их ордон 32 ханатай, 25 метрийн диаметртэй. Дотор нь орвол монгол ахуйг илтгэсэн хоёр давхар рестораны хэлбэрээр тохижуулжээ. Ордны хойморт эзэн Чингис хааны алтадмал хөрөг, түүний хажууд цагаан шонхор шувууг мөнгөөр цутгажээ. Харин хааны ард талын аравчинд эртний овог аймгуудын тамгыг дүрсэлсэн байна.

Гэрийн дээд хэсгээр эртний овог аймгуудын туг, хоёр талын хананд алтан ургийн хаад, хатдын хөргийг байрлуулжээ. Их ордны тооно л гэхэд монголчуудын амьдардаг таван ханатай гэртэй тэнцэх хэмжээний. Харин баганандаа ямар ч залгаасгүйгээр байгалийн модыг ашиглажээ. Ордныг хоёр метрийн өргөнтэй, нэг км эсгийгээр бүрсэн байна. Одоо ордны доод хэсэгт 100 орчим хүний багтаамжтай угаалгын өрөө гаргахаар ажиллаж байгаа аж.

Их ордны баруун талд дэлхийн хоёр дахь том гэрийг барихаар суурийг нь бэлэн болгожээ. Хоёр дахь том гэрийн хувьд 24 метрийн диаметртэй, 28 ханатай, цэцгэн хэлбэртэй байхаар зураг төслийг гаргасан байна. Үндсэн гэрийг тойроод долоон гэрийг дагуул байдлаар хийж цэцгэн хэлбэртэй барихаар тооцоолжээ. Энэ өргөө ч мөн зочдыг хүлээж авах хоёр дахь том газар юм.

Ордны ардхан талд дэлхийн хамгийн олон ирвэсний арьсан цуглуулгатай гэрийг босгохоор барилгын ажлыг эхлүүлжээ. Одоогоор буйрыг бетондож, гэрийн үндсэн эд ангийг босгожээ. Энэ гэр зочдын анхаарлыг татах онцлог үзмэрийн нэг болно хэмээн ажлын хэсгийнхэн итгэж байгаа аж. Учир нь хураагдаад, олон жилийн турш гаалийн агуулахад байсан ирвэсийн арьсыг дуудлага худалдаанд оруулж, Засгийн газрын зөвшөөрлөөр авч чаджээ. Ингээд цогцолборын бас нэгэн томоохон үзмэрийн нэг болгохоор төлөвлөсөн байна.

Энд ч олон улсын зочдод Монголоо сурталчлах үзмэр бишгүй байх бололтой. Явган хүний замын хажуугийн түшлэг л гэхэд 150 сая жилийн настай чулуужсан мод аж. Энд мөн 15 дугаар зууны үеийн хөсөг тэрэгний дугуй, Богд хааны хэрэглэж байсан толь, 17 дугаар зууны археологийн олдвор болох баатруудын хэрэглэж байсан хөө хуяг дуулга ч байна.

Ирвэсний цуглуулга бүхий гэрийн ард цогцолборын дэд бүтцийн нэг хэсгийг шийдэх цэвэрлэх байгууламжийг барьж байлаа. Зохион байгуулагчийн хэлснээр энд байрлуулах цэвэрлэх байгууламж бол бохирыг 99.9 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай байх гэнэ. Цэвэрлэх байгууламжийн зүүн урд хэсэгт 500 орчим хүний хүчин чадалтай ариун цэврийн байгууламжийг барьж байна.  Мөн энд жижиг нам даралтын зуухыг ч барьж байгаа аж.

АСЕМ-ын зочдыг хүлээж авах ажлын бэлтгэл, засвар шинэчлэлийн санхүүжилтийг “Чингис хааны хүрээ” цогцолборынхон Засгийн газраас зээл авах хэлбэрээр зохицуулж байгаа аж. Саяхныг хүртэл санхүүжилт орж ирэхгүй, удах асуудал үүсчээ. Гэсэн ч цаг давчуу үлдсэн учраас ажлаа зогсоолгүй, үргэлжлүүлсэн хэмээн цогцолборынхон ярьж байлаа.

Ийнхүү Жаргалантын аманд жижиг хэмжээний хот босч эхэлжээ. “Чингис хааны хүрээ”-нийхэн АСЕМ-ын зочдоо угтахаар амрах завгүй ажиллаж буй нэг өдрийнх нь амьдралыг бид сурвалжиллаа.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж