Улсын их баяр наадам эхлэхэд 25 хоногийн хугацаа үлдлээ. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр зэрэг тэгш ой тохиож байна. Гэхдээ наадмын өмнө УИХ-ын сонгууль, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын бэлтгэл ажил гээд олон үйл явдал давхцаж байгаа. Улсын баярын наадмын комисс гурван удаа хуралдаж, наадмын бэлтгэл ажлын явцтай танилцсан байна. Ингээд баяр наадмын бэлтгэл ажилтай холбогдолтой мэдээллийг товч хүргэж байна.
ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН ТӨСВИЙГ 2,9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАТАЛЖЭЭ
Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хороо баяр наадмын төсвийг өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу 2.9 тэрбум төгрөгөөр баталжээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зарим засварын ажил өнөөдрийн байдлаар эхлээгүй байна. Энэ жил зочид тэгш ой тохиож, гадаадын зочид төлөөлөгчид олноор ирэх учраас сайжруулах засварын ажил багагүй гарчээ. Улсын баяр наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж, Төв цэнгэлдэхийн засварын ажлыг хийдэг. Харин 51 хувийг эзэмшдэг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа хэлэхдээ “Манай байгууллага энэ жил 61 сая төгрөгөөр дээврээ янзалсан. Гаднаас цэнгэлдэх рүү орох хэсгийн зам талбайг янзалж байна. Манай талаас 90 гаруй сая төгрөгийг гаргаж байгаа. Улсаас хичнээн төгрөгийн засварын ажил хийх тухай шийдвэр эцэслэн гараагүй. Нээлтийн үеэр 40 морь, зургаан тэмээ орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Олон морьд орох тусам зүлгийг талхлах магадлалтай. Нарийн тооцоолох зүйл их байна. Гадаадын олон зочид ирэх учраас суудлын хувьд хуваарилалт хийх юм.” гэсэн юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнд байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болсон. Тэгвэл өдгөө цэнгэлдэхэд хөлбөмбөгийн “Дэрэн” клуб бэлтгэлээ хийж байгаа аж. “Хүрхрээ” Үндэсний дээд лигт тоглодог тус багийн хувьд даваагаас бусад гаригуудад бэлтгэл хийх хуваарьтай юм байна.
1024 БӨХ УЛСЫН НААДАМД ЗОДОГЛОНО
Тэгш ой тохиож буй энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглоно. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл сууриулуулахаар болжээ. Одоогоор Төв цэнгэлдэх хүрээлэнд хүчин чадал сайтай 10 том гэрэл байгаа аж. Хэдийгээр 20 гаруй хоногийн дараа улсын их баяр наадам болох ч бөхчүүдийн хувьд бэлтгэл хийж байгаа сураг чимээ төдийлөн гарахгүй байна.
ХАРВААЧИД БЭЛТГЭЛДЭЭ ГАРААД ЭХЭЛЖЭЭ
Жил жилийн наадмыг эхлүүлдэг харваачдын хувьд бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Саяхан улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулсан харваачдын дараагийн тэмцээн ирэх амралтын өдрүүдэд болох юм байна. Үндэсний ууган мастер, Монгол Улсын мэргэн Шагдар Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээн зургадугаар сарын 18-19-ний өдрүүдэд явагдах аж.
Баяр наадмын сурын салбар хорооны нарийн бичгийн дарга, Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаагаас дараах тайлбарыг авлаа.
-Улсын их баяр наадмыг сур харваа эхлүүлдэг. Наадмын бэлтгэл ажил хэрхэн явагдаж байна вэ?
-Баяр наадмын салбар хороод тус тусдаа ажлаа хийгээд явж байна. Манай сурынхны хувьд хэдийнэ тохижилтын ажил, бэлтгэл сургуулилт гээд явна. Саяхан улсын аваргын тэмцээнийг зохион байгуулсан бол одоо Ш.Жамбасамбуугийн нэрэмжит тэмцээнийг сурчдынхаа дунд хийх гэж байна. Харваачдын бэлтгэл тэмцээнээс тэмцээнд сайн байгаа байх гэж бодож байна. Энэ жилийн сурын харваанд 225 сая төгрөгийг баталж өгсөн. Өнгөрсөн жилээс сурын харваачдын эхний байруудад шалгарсан харваачдын шагнал нэмэгдсэн. Тиймээс энэ жил ч гэсэн шагналын сангийн хувьд буураагүй байгаа. Харин сурын талбайн тохижилт, сурын бай гээд хийх зүйл бий. Үндэсний комиссоос сурын талбайтай танилцсан байгаа. Үзэгчдийн суудал саравчтай болсон, тэмцээнийг дэлгэцээр харуулах зэрэг ажлууд хийгдсэн. Цаашид ч сайжруулах зүйл их байгаа.
-Энэ жилийн баяр наадмын сурын харвааны хуваарийг сонирхож байна?
-Баяр наадмыг сурын харваа эхлүүлдэг. Яагаад гэхээр сурын харваанд олон төрөл байдаг. Урианхай, буриад, халх гээд харваанууд бий. Тиймээс эрт эхлэхээс аргагүй байдаг. Долдугаар сарын 1-ээс эхлээд бүртгэлийн ажил эхлээд явдаг. Хүүхдийн харваагаар үндэсний сурын харваа эхэлдэг. Тэгэхээр баяр наадмын уур амьсгал долдугаар сарын 6-д хүүхдийн харваагаар эхэлнэ гэсэн үг. Халх сурын харваанд 405 харваачийг харвуулахаар тогтоод байна. Өнгөрсөн долоо хоногт УАШТ-ийг зохион байгуулж, сонгон шалгаруулалтыг хийсэн байгаа. Сурын харваан талбайнаас шалтгаалаад хэтэрхий олон харваач цуглуулах юм бол багтааж хүрэлцэхгүй учир харваачдын тоог зааж өгсөн. Сурын харваа хамгийн эрт эхлээд хамгийн сүүлд дуусдаг уламжлалтай.
-Сурчдын хувьд жуулчдыг татсан арга хэмжээ байгаа юу?
-Үндэсний их баяр наадам болохоос өмнө харваачдын дунд нэрэмжит тэмцээнүүд болдог. Гэхдээ энэ сарын сүүлээр засварын ажил эхэлнэ. “Найрсаг Улаанбаатар”-ын хүрээнд Даншиг наадам наймдугаар сарын 6-ны өдөр байгаа. Энд сурчдын ур чадварыг харуулах үзүүлэх тоглолт, хөтөлбөр бий.
ШАГАЙН ХАРВААЧИД ЭХНИЙ СОРИЛЫГ ДАВЖЭЭ
Үндэсний их баярын наадмын хөтөлбөрт албан ёсоор шагайн харваа ороод байгаа. Харваачдын хувьд бэлтгэл сайн байгааг зургадугаар сарын 2-5-ны өдрүүдэд болсон улсын аваргын тэмцээний үеэр харуулсан. Энэ жилийн улсын аваргад Улаанбаатар хот болон орон нутгийн 75 багийн 650 гаруй харваачид оролцсон. Гэхдээ шилдэг наймд улсын аваргын медальт болон улсын баярын наадамд тогтмол дээгүүр ордог байсан багууд багтаж чадаагүй. Тэгэхээр энэ жилийн баяр наадмын шагайн харваа өрсөлдөөнтэй өрнөхийг энэхүү тэмцээн харуулаад авсан.
Улсын баяр наадмын шагайн асрын хувьд дээврийн ажлаас эхлээд засварын ажлууд байгаа гэдгийг дуулгалаа.
НААДМЫН НЭЭЛТИЙГ ӨВӨРМӨЦ БАЙДЛААР ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖЭЭ
Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хариуцан ажиллаж байгаа билээ. Тэрээр нээлтийн ажиллаганаад нэрт зураач асан Б.Шарав гуайн “Монголын нэг өдөр” зургийн сонин сайхан өгүүлэмжтэй хэсгүүд, Модун Шанью 40 морин цэрэг, 400 явган цэрэгтэй гарч ирэн, Хүннү гүрний сүр хүчийг үзүүлэх гэнэ. Их Монгол Улсыг байгуулсан түүхийг үзүүлэхдээ гэрэгэ, өртөө, Их хуралдай, торгоны зам, тэмээн жингийн цуваа “ашиглах” бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Тусгаар тогтнол” шүлгийн бадрангуй хэмнэл дор олон зүйлийг харуулах болсноо Баяр наадмын комиссийнхонд танилцуулжээ.
Мөн баяр наадмын нээлтэнд Гавьяат дуучин Т.Ариунаа, Б.Сарантуяа болон “Увертюра” хамтлаг дуулах аж. Мөн холбогдох урлагийн байгууллагууд хамтран ажиллах бичгийг өгөөд байгаа бөгөөд хөтөлбөр бүрэн гараагүйг дуулгалаа. Гэхдээ энэ жилийн наадмын нээлтийн хөтөлбөрт багтаад байгаа 40 морин цэрэг цэнгэлдэхийн зүлгэн дээр гарах нь халгаатай байх талаар зохион байгуулагчид дурдсан.
Мөн долдугаар сарын 10-ны өдөр Соёлын төв өргөөнд болдог Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын 150 орчим уран бүтээлчид толилуулах юм байна. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл, удирдаачаар Н.Буянбаатар ажиллах аж.
НААДАМ БОЛТОЛ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ УРАЛДААН ЗОХИОХЫГ ХОРИГЛОЖЭЭ
Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт нийт 7300 гаруй машины зогсоол гаргахаар бэлтгэж байгаа аж. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварыг чанартай хийх, Хүй долоон худаг дахь морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа, үйлчилгээний газруудын зүлгийг одооноос усалж, халцгай хэсгийг зүлэгжүүлэх, мөн наадам болтол тэнд ямар нэг тэмцээн уралдаан зохиохгүй байхыг Шадар сайд Ц.Оюунбаатар үүрэг болгосон байна.
Хүй долоон худагт морь барианы газар, үзэгчдийн суудал, соёлын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний газруудад усалгааг эхлүүлж, зүлэгжүүлэлтийг хийж эхлээд байгаа аж. Наадам болтол Хүй долоо худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй юм байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон. Энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна. Тэгэхээр 9 хоног амрах юм.
Засгийн газрын хоёрдугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Тиймээс энэ жилийн аймаг, сумдын наадам долдугаар сарын сүүлээр болох юм байна.