Энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон Тайваний ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дүнгээр анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тийнхүү яг нэг сарын өмнө буюу тавдугаар сарын 16-ны өдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөн, албан ёсоор албандаа томилогдсон Цай Ингвен гэгч энэ эмэгтэй хэн бэ?
Дэлхий даяар эмэгтэй удирдагчид, манлайлагчдын тоо нэмэгдэж байгаа энэ үед Хятадын муж хэмээн тооцогдсоор ирсэн дутуу эрхт Тайвань буюу Бүгд Найрамдах Хятад Улсын удирдлагад ийнхүү эмэгтэй хүн, тэр тусмаа Тайваний салан тусгаарлалтыг дэмжсэн бодлого явуулдаг ерөнхийлөгч гарсан нь Ази тивийн улс төр дэх анхаарал татахуйц үйл явдал яах аргагүй мөн.
АМЬДРАЛЫН ТҮҮХ
Цай Ингвен нь өдгөө 60 настай бөгөөд 1956 оны наймдугаар сарын 31-нй өдөр Тайваний нийслэл Тайбэй хотод төржээ. Есөн хүүхэдтэй өнөр өтгөн айлын отгон нь болж төрсөн тэрээр аавынхаа шахалтын улмаас хуулийн ухаанаар сурч мэргэшсэн нь амьдралдаа хйисэн хамгийн зөв сонголт болжээ. Түүний аав нь машин засварын газар ажиллуулж гэр бүлээ тэжээдэг энгийн эр байв.
Тэрээр 1978 онд Тайваний Үндэсний Их Сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэснийхээ дараа Нью-Йоркт байдаг Корнеллийн Хуулийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалж, 1984 онд Лондонгийн Эдийн Засгийн Их Сургуульд докторын зэрэг тус тус хамгаалжээ.
Ингвен гэх түүний нэрийг орчуулвал “англи хэл” гэсэн утгатай аж. Амьдралынхаа туршид огт нөхөрт гарч байгаагүй тэрээр мөн л Тайваний анхны хүүхэдгүй, тэр тусмаа гэр бүлгүй Ерөнхийлөгч болж байгаа аж. Энэ сул талыг нь ашиглаж Хятадын зүгээс олонтаа шүүмжилсэн дайралтуудыг түүний эсрэг өнгөрсөн хугацаанд хийсэн юм.
БАГШИЙН ШИРЭЭНЭЭС НАМ УДИРДСАН ТҮҮХ
Нутагтаа эргэж ирээд хоёр ч их сургуульд хууль эрх зүйн хичээл заажээ. Энэ цагаас хойш өөрийгөө хангалттай хэмжээнд боловсруулсан гэж үзсэн эмэгтэйн өөрийн карьерийн замыг тасралтгүй ахиулсаар, 2000 он гэхэд Эх Газрын Хэрэг Эрхлэх Консулын Газрын даргаар томилогдон ажиллажээ. Ийнхүү Тайваний дотоод хэрэгт анхаарал хандуулах болсон Цай Ингвен 2004 онд улс төрд өөрийгөө сорихоор шийдэж, “Ардчилсан Дэвшилтэт Нам”-д гишүүнээр элсжээ. Удалгүй түүний чадварыг намынх нь зүгээс өндрөөр үнэлэн 2004 оны парламентийн сонгуульд сойсон нь амжилттай болж, Цай Ингвен албан ёсоор хууль тогтоох эрх бүхий улс төрч болжээ. Үүнээс хойш Хэрэглэгчдийг эрхийг хамгаалах хорооны дарга гэх мэт албан тушаалуудыг хашиж байсан Цай Ингвен Ардчилсан Дэвшилтэт Намын даргыг сонгох сонгуульд ялалт байгуулан тус намын арван хоёр дахь бөгөөд анхны эмэгтэй даргаар 2008 оны тавдугаар сарын 20-ны өдөр сонгогджээ.
Тэрээр намын даргаар сонгогдон ажиллаж байх үедээ нийгмийг шударга ёсыг цогцлоож, “Тайванжуулах хөдөлгөөн”-ийг эрчимжүүлнэ гэдгээ зарласан юм. Тайванжуулах хөдөлгөөн гэдэг нь зөвхөн Тайваний гэсэн онцлогтой нйигэм эдийн засгийг хөгжүүлэн, Тайваний түүх газар зүйн мэдлэг болоод зөвхөн Тайваний нутаг дэвсгэр дээр л үүссэн гэж хэлж болох Тайваний Хоккиен, Хакка болон нутгийн хэлний соёлыг түгээн дэлгэрүүлэх үзэл суртал бүхий хөдөлгөөн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ АНХНЫ ОРОЛДЛОГО
Цай Ингвен өөртэй нь зэрэг нэг өдөр Ерөнхийлөгчөөр томилогдсон Ма Ейн-жоуг Тайван улсын бие даасан байдлын төлөө ямар ч байр суурь баримтлахгүй байгааг шүүмжилсээр ирсэн.
Тиймээс ч тэрээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд намын даргын албан тушаалаасаа татгалзаж, Ерөнхийлөгчид улиран өрсөлдөж буй Ма Ейн-жоугийн хамтаар сонгуульд оролцсон боловч 45,63 хувийн санал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээжээ.
Цай Ингвен 2014 онд Ардчилсан Дэвшилтэт Намын даргын сонгуульд дахин нэрээ дэвшүүлж, хоёр дахь удаагаа намын даргаар сонгогдон, түүнээс хойш одоог хүртэл намын даргаар ажиллаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИД ДАХИН ӨРСӨЛДСӨН НЬ
2015 оны хоёрдугаар сарын 15-нд тэрээр өөрийн нэрийг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр болсноо зарлажээ. Тэрээр сонгуульд бэлдэж байх хугацаандаа буюу 2015 оны зун Америкийн Нэгдсэн Улсад зочлон, тус улсын сенатууд болох Жон МкКайн болон Жак Рийд нартай уулзан санал солилцон, Америкт буй Тайваний цагаачидтай уулзан улс төрийн шинэ эрин ирж буй талаар ухуулга хийжээ. Ийнхүү намын нөхөд болоод ард түмнийхээ багагүй хувийн итгэлийг хүлээсэн Цай Ингвен 2016 оны нэгдүгээр сард зорьсондоо хүрч, өөрийн гол өрсөлдөгч Эрик Чуг 25 хувийн зөрүүтэй саналаар ялж, Тайваний Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
ЦАЙ ИНГВЕНИЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БОДЛОГО
1. Хятадын хэрэгжүүлж буй “Нэг Хятад бодлого”-ыг таашаадаггүй тэрээр дангаараа даяарчлах үзэлтэй нэгэн юм.
2. Эдийн засгаа өргөжүүлэх гол замаа олон улсын худалдаа хэмээн тодорхойлсон тэрээр улсынхаа эдийн засгийн түншийн тоог нэмэх тал дээр уриалгахан хүлээн авдаг.
3. Нийгмийн эмзэг бүлэг болсон ядуу хүн ам, хүүхэд эмэгтэйчүүд, нутгийн уугуул иргэд болох аборигенчүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлдэг.
4. Хүйсийн эрх тэгш байдлыг дэмждэг Цай Ингвен нь ЛГБТ буюу бэлгийн цөөнхи хүмүүсийн гэр бүл болох үзэгдлийг цаашдаа дэмжин ажиллахаа илэрхийлээд байгаа юм.
БНХАУ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВАВ?
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хувьд өөрийн газар нутгийн онцгой бүсүүдийг нэгтгэх томоохон ашиг сонирхолтой нь хэнд ч илэрхий асуудал болох нь тодорхой билээ. Тэр ч утгаараа Цай Ингвений Тайваний салан тусгаардах гэсэн оролдлого гаргавал цэргийн хүчээр асуудлыг шийдвэрлэхээ ч мөн адил илэрхийлсэн юм. Тайваний зүгээс салан тусгаарлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхийн хэрээр цөөнгүй улс орнууд энэхүү шийдвэрийг нь дэмжиж буйгаа илэрхйилээд байгаа юм.
Коммунист улсын харъяан дор тийчилж байгаа Бүгд Найрамдах Хятад улс хэмээн өөрсдийгөө цоллосон Тайван хэмээх ардчилсан дэглэмт улсын хувь заяа ирээдүйд хэрхэх нь Цай Ингвений гарт байна.