“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг буюу 323 ширхгийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тэгвэл 323 ширхэг хувьцаагаа зарах хүсэлтэй иргэд өөрийн цахим үнэмлэх, үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын хоёр сая 858 мянган иргэн эзэмшсэн билээ. Үүнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Өөрөө хэлбэл, эдгээрээс бусад нэг сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа бөгөөд тэдгээр иргэд энэ удаа өөрөө хүсвэл 30 хувиа Засгийн газарт зарах боломжтой.
Засгийн газраас гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг буюу 323 ширхгийг ЗГ худалдаж авах шийдвэрийн талаар иргэд ямар байр суурьтай байна вэ? Энэ талаар иргэдийн саналыг сонслоо.
Би банкинд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. Хүн болгон хувьцаагаа зарж мөнгө олох гээд зүтгэж байна. Ард түмний амьдрал хэцүү байгаа учраас зарахаас өөр ямар ч арга алга. Миний хувьд хувьцаагаа зараад өрөндөө өгнө.
Засгийн газар ийм шийдвэр гаргасанд баяртай байна. Хүн бүрт мөнгө хэрэгтэй дээр нь эдийн засаг хямралтай байна. Тиймээс би дэмжиж байгаа. Өчигдөр би бичиг баримтаа банкинд бүрдүүлж өгөхөд дараалал багатай, хурадан шуурхай үйлчилж өгсөн. Манай гэрээс хүү бид хоёр авч байгаа. Ер нь банкны зээлээ тал хагасаар дарна.
Засгийн газрын шийдвэрийг сонссон. Саяхан хятадууд хувьцаа авч байна, шөнө нууцаар худалдаж аваад байгаа сураг сонсогдсон. Бидний хувьцаа эх оронд маань хэрэгтэй бол энд өгсөн нь дээр байлгүй. Манай гэрээс хоёр хүн авна. Мөнгөө авах юм бол хоол хүнс, өр зээлээ дарна гэж бодож байгаа.
Засгийн газрын шийдвэрт баярлаж байна. Эгч нь хувьцаагаа авах гээд паспортоо авайчаад бүртгүүлчихсэн. Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед ажилтай, ажилгүй зөндөө хүн бий. Тиймээс 300 мянган төгрөгөө аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрт өгнө.