Панамын оффшор дансны дуулианы мөрөөр

Хуучирсан мэдээ: 2016.06.16-нд нийтлэгдсэн

Панамын оффшор дансны дуулианы мөрөөр

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд цацсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрчээ.

Оффшор дансны эздээс Исландын ерөнхий сайд Сигмундур Дэвид Гуннлаугссон албан тушаалаасаа огцорсноор өөр хариуцлага хүлээсэн улстөрчийн жишээ гараагүй байна. Тэрбээр Исландын санхүүгийн хямралын үеэр эхнэрийн хамт байгуулсан оффшор компанидаа олон сая ам.долларыг хадгалж байсан нь илэрсэн аж. Исландын ерөнхий сайдын оффшор дансны мэдээлэл нийтэд ил болмогц том хэмжээний жагсаал болж маш хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн юм.

Нийтэд ил болсон мэдээллээс харвал дэлхийн 50 гаруй орны 140 улстөрч оффшор данстай байна. Тэдний дунд Аргентины ерөнхийлөгч Маурисио Макри, Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон, Саудын Арабын хаан Салман,  АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Австралийн ерөнхий сайд  Малкольм Тернбулл нарын нэр багтжээ. Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампын нэр 3540 удаа дурдагдсан байх жишээний. Түүний нэр олонх тохиолдолд гадны орнуудын компанид хөрөнгө оруулагч гэдгээр бүртгэгдсэн. Трамп далайн клуб олон улсын зочид буудал, цамхаг зэрэг Трамп нэрийн эзэнт гүрэнтэй холбоотой 32 оффшор компани байдаг аж.

ПАНАМ ЯМАР ХАРИУ ҮЙЛДЭЛ ҮЗҮҮЛЭВ

Оффшор дансны дуулиантай холбогдуулан Панамын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас “Mossack Fonseca” фирмийн үйл ажиллагааг шалгаж, агуулахаас нь их хэмжээний бичиг баримт олжээ. Панамын хууль хяналтынхан эдгээр бичиг баримтад мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа аж. Харин “Mossack Fonseca” хуулийн фирм олон сая хэрэглэгчдийнх нь оффшор дансны мэдээллийг нийтэд цацсан олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгтэй шүүхээр заргалдахаар зэхэж байна. Оффшор дансны дуулианаас үүдэн Панамын нэр хүндэд сэв суусан гэж ерөнхийлөгч Хуан Карлос Варела үзжээ. Тэрбээр дэлхийн гүрнүүд өөрсдийн тулаанд Панамын санхүү, татварын системийг улс ашигласан хэмээн эгдүүцэж байв.

Панамын “Mossack Fonseca” хуулийн фирм 1977 оноос 2015 оныг хүртэлх 40 орчим  жилийн хугацаанд үйлчлүүлэгчдээ татвараас зугтаах, мөнгө угаах зэрэг гэмт хэргээс хаацайлж байсныг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн эвлэлийн дэлгэсэн олон сая оффшор дансны мэдээлэл гэрчилж байна. Түүнчлэн АНУ-ын хар жагсаалтад бүртгэлтэй “Хезболлах” террорист бүлэглэл, Хойд Солонгос, Иран улсын албаныхан, Мексикийн хар тамхины лордууд гэх мэт  33 хувь хүн, компанийн нэр оффшор дансны мэдээллээр гарч иржээ.

ОФФШОРЫН ЭСРЭГ ДЭЛХИЙН ТЭМЦЭЛ

Оффшор дансны цаана улс орны татвараас зугтаалгасан асар их мөнгө эргэлдэж, терроризм, зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх болсны хор уршгаас сэрэмжлэн, 2014 оноос “Олон талт эрх бүхий хэлэлцээр”-ийг Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/  байгуулж эхэлжээ.  Энэ нь ЭЗХАХБ-ын бүх гишүүн орныг болоод Их Хорийн гишүүн орны оффшор хяналтыг сайжруулах зорилготой хэлэлцээр юм. Сүүлд өнгөрсөн сард болсон ЭЗХАХБ-ийн чуулганаар Израиль болон ОХУ гарын үсэг зуран нэвтрэн орсноор өдгөө энэхүү хэлэлцээрийн доор нийт 82 улс орон нэгдээд байгаа аж. Үүнээс гадна АНУ, Франц, Испани, Австри, Австрали, Энэтхэг, Бельги, Хятад зэрэг улсууд оффшор данстай улстөрч, албан тушаалтан, байгууллагуудтай хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Мөн Япон улс нууц данстай иргэд албан тушаалтнуудаас байцаалт авч эхэлсэн бөгөөд зарим иргэдийг цагдан хорьсон аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж