Монгол Улсын Засгийн газар, Аж үйлдвэрийн яам, Хөгжлийн банк хамтран “Чингис Бонд Экспо” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.
“Чингис бонд үндэсний үйлдвэрлэл үзэсгэлэн худалдаа” арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нар үг хэлэв. Өнгөрөгч долоо хоногт Хөгжлийн банк “Бондоор санхүүжсэн бүтээн байгуулалт” хэлэлцүүлэг зохион байгуулж, бондын санхүүжилтийн үр дүнд бий болсон эдийн засгийн үр ашгийг тооцоо судалгаатай хэлэлцсэн бол, өнөөдөр энэ бонд хэрхэн бодит ажил болсныг иргэд аж ахуйн нэгж, компаниудын үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс бодитоор харуулаа.
УИХ-ын 52 дугаар тогтоолоор босгосон Чингис бондын мөнгө дэлхийн зах зээлд зэс, алт, нүүрсний үнэ унасан хэцүү үед дотоодын зах зээлээ хамгаалах, эдийн засгаа эрүүлээр авч үлдэхэд чухал.
“Домог” хамтлаг талбай дүүрэн цугласан иргэдэд тоглолтоо сонирхуулсан юм. Энэ үеэр Авто замын төсөл, “Гудамж” төсөл, Инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх, Таван толгойн цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг танилцуулж, аж ахуйн нэгжүүд өөрийн бүтээгдэхүүнээ иргэдэд танилцуулахаас гадна нээлттэй худалдаалсан юм. Бондын мөнгө бодит ажил хэрэг болж чадсаныг талархан дэмжсэн хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг. Тэрбээр, “Монголчууд бүтээж байна” уриатай энэхүү үзэсгэлэнг нээж үг хэлэхдээ “Чингис бондын санхүүжилт гурван том зүйлийг бий болгож чадлаа. Нэгдүгээрт, улсаа дэд бүтэцтэй, иргэдээ байртай, компаниудаа ажлын байртай болгож чадлаа. Хоёрдугаарт, Чингис бондын үр дүнд 6.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх боломж бий болгож, эдийн засагтаа хуримтлал үүсгээд байна. Гуравдугаарт, хэрэглээг шүтдэг бус хуримтлал үүсгэсэн эдийн засгийн алхмаа хийж чадсан юм. 2013-2015 оны хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц түүхий эдийн үнийн хөөсрөл, түүнээс суурилсан импортын хэрэглээнд суурилсан эдийн засгийн өсөлт наалддаггүй хэлбэрээс хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг монголчууд бид өөрсдөө хийж ирээдүйгээ бүтээн байгуулж байна. Түүхий эдийн үнэ, түүний дотор алт зэсийн үнэ эрс унаснаар түүнийг дагасан хөрөнгө оруулалт богино хугацаанд унасан. Гэвч тэр бүхнийг бид урьдчилж харан таван тэрбумын ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор авсан. Энэ нь уул уурхай жилд 2-4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт ордог байснаа дутах тэр хэмжээнд тааруулж эдийн засгаа түүхий эдийн хямралтай энэ үед зөөлөн авч гарах зорилготой, алсыг харсан бодлого байсан юм. Тогтоол батлагдсанаас ердөө 33 хоногийн дараа бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хөрөнгө оруулалтыг Засгийн газар эхний ээлжинд амжилттай гаргасан” гэв.
Харин Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат “Хөгжлийн банк байгуулагдаад таван жил боллоо. Өнгөрсөн таван жилд хийж бүтээх ажлаа бүрэн хийж чадлаа. Бондын хөрөнгөөр хийж байгаа санхүүжилт бол дотооддоо гаргасан үндэсний хөгжлийн бодлогын дагуу хийгдэж байна. УИХ-ын 11 шийдвэр, Засгийн газрын 100 гаруй тушаалын хүрээнд энэ санхүүжилт явж байна. Бонд ашиг орлого харсан, арилжааны биш урт хугацааны хөгжлийн бодлогыг илүүтэй дэмждэг. Бондын санхүүжилт хоорондоо уялдаатай хийгддэг. Одоогийн байдлаар дэд бүтэц, цахилгаан дулааны эрчим хүч, төрийн орон сууцны барилга зэрэг томоохон улсын хэмжээний төсөлд зарцуулсан” хэмээлээ.
Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн бондын санхүүжилт Шинэ төмөр зам, Тавантолгой зэрэг том хэмжээний төслөөс гадна импортыг орлох, экспортыг дэмжих төслүүдэд чиглэжээ. Хөгжлийн банкны олгосон санхүүжилтийг ангилж үзвэл авто зам, дэд бүтцийн салбар 1.39 их наяд, “Эрдэнэс Тавантолгой” шинэ төмөр зам, ТОСК, Иргэний нисэх, Амгалан дулааны станц, ТЭЦ III, IV станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл зэрэг том хэмжээний улсын төсөлд 1.95 их наяд, цементийн үйлдвэр, төмөр зам, барилга ноос ноолуур, оёдол, арьс шир зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд нийтдээ 1.56 их наяд төгрөгийг тус тус зарцуулжээ.
Хөгжлийн банкны санхүүжилтийн үр дүнд манай улсын авто зам, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил эерэг өөрчлөлт гарчээ. Тухайлбал, 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийтдээ 2087 км авто зам барьж, таван аймгийг нийслэлтэй холбож байсан бол, Чингис бондын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд 2283.7 км авто замыг барьж, Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбожээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгдсэн байна. Төв талбайд байрлах цагаан асруудад “Шинэ төмөр зам”, ТОСК, Амгалан дулаан стцна зэрэг том төслүүдэс гадна ноос ноолуурын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт авсан “Эксклюсив”, 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй “Үлэмж чанар” сургалтын төв, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн “Эко ноос” компани, дотоодын зах зээлд цоо шинэ технологиор хивс үйлдвэрлэж эхэлсэн Эрдэнэт хивсний үйлдвэр, Итали улсын орчин үеийн технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй “Нионшэль” өндөгний үйлдвэр, цонх, хаалганы хуванцар бэлдэц үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй “Бейерпластикс” компани, “Говь”, “Дархан нэхий”, “Дархан минж”, Хийн түлшний анхдагч компани “Дашваанжил” зэрэг 200 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхээр хүрэлцэн иржээ. Бондын мөнгөөр дотоодын аж ахуйн нэгжээ бүх талаар дэмжиж чадсанд иргэд болон үйлдвэрлэл эрхлэгчид сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлж байсан юм. “Чингис бонд экспо” бүтэн өдрийн турш үргэлжлэх бөгөөд уншигч та үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс худалдаж авах, мөн хамтарч ажиллах санал ч тавьж, харилцан ашигтай хамтын бизнесээ хөгжүүлэх боломжтой юм.
Г.ХОРОЛ