Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр 60 орчим иргэн ханджээ. Иргэдээс ирүүлсэн гомдолд №1606153490 дугаартай зочин “Буянт-Ухаа-2” байрны ордер гарахгүй байгаа тул энэ асуудлыг Хөгжлийн банк, Төрийн орон сууцны корпораци хоёрын аль нь тухайн асуудлыг хариуцах талаар тодорхой мэдээлэл өгнө үү” гэжээ.
Мөн №1606158182 дугаараар холбогдсон зочин Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Давааны зөрлөг дээр оршин суугаа хэсэг айлууд төмөр замаас цахилгаанаа авдаг. Тухайн газар гэрлийн шон татсан боловч цахилгаан татаж өгөөгүй байна. Тухайн газар цахилгаан татаж өгнө үү хэмээн асуудал хөнджээ.
Түүнчлэн №1606156155 дугаартай зочин “Замын цагдаагийн торгуулийн мөнгийг багасгах тал дээр арга хэмжээ авч өгнө үү. 1 хүүхэд нэмж суулгасны төлөө 92000 төгрөгөөр торгож байна. Холбогдох байгууллагад уламжилж өгнө үү. Цагдаа нар нь зөвхөн торгох ёстой юм шиг торгож байна.
№1606152645: Бөмбөгөр худалдааны төвөөс хүүхдийн биений тос худалдаж авсан. 2014 онд хугацаа нь дууссан , муудсан бүтээгдэхүүн зарж байна. Энэ асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан боловч өргөдөл гаргаж өг гэх юм. Энэ асуудлаар газар дээр очоод шалгаж арга хэмжээ авч өгнө үү”.
№1606154889: Чойбалсангийн хөшөөний хажуугийн танилцуулга самбар буруу бичигдсэн, хуучирч муудсан байна. Тухайн самбарыг солих шаардлагатай байна”.
№1606147304: Дорнод аймгаас ярьж байна. Би сар болгон хүнд мөнгө өгч байгаа. Одоо 230.000 төгрөг өгөх ёстой. Дорнод аймгийн шийдвэр гүйцэтгэгч Базаргүр нь ажлаа хийж байгаа гэж иргэнтэй зүй бус харьцаж данс хааж, дээрэнгүй харьцаж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
№1606140521: Яармагийн чиглэлд зүлэгжүүлэлтийн ажил хийж байна. Гэтэл малтай айлууд нь зүлгийг идүүлээд байх юм. Малтай айлуудад хариуцлага тооцож өгнө үү.
№1606147629: Улсын бүртгэлийн гадаад паспортын хэлтэс дээр үйлчлүүлэх гэж 900-р дугаар авсан. 400 гарсан дугааруудыг дотор нь 5000 төгрөгөөр зарж байна. Арга хэмжээ авч өгнө үү.
№1606144640: Нэгдүгээр эмнэлгийн цусны тасагт цусны хавдартай иргэнд эмнэлгээс химийн тариа хийхгүй гаднаас хувь хүний гар дээрээс иргэд авч өвчтөнд тариагаа хийлгэж байна. Тухайн тариа нь их үнэтэй, хувь хүний гар дээрээс авдаг ямар ч баталгаагүй байна. Эрүүл мэндийн яам энэ асуудлыг шийдэж чадахгүй байгаа бол хувийн байгууллагад эрхийг нь олгож зохицуулж өгөөч гэжээ.
Г.ХОРОЛ