Амьд хөгжмийн “Playtime-2016” наадам энэ жил 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гурав дахь жилдээ болох гэж байна. Олон улсын амьд хөгжмийн уг наадам энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд “Монгол Шилтгээн”-д болно.
“Playtime-2016” наадмыг 2009 оноос задгай талбайд хоёр хоногоор зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил “Цэвэр агаар, найрсаг залуус, амьд хөгжим” уриатайгаар гурав хоногийн турш амьд хөгжмөөр амьсгална гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
Энэхүү наадамд дэлхийд алдартай Швед улсын “The Radio Dept”, Япон улсын “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido” зэрэг гурван хамтлаг оролцох бол Сингапурын “Anna Judge April” болон ОХУ-ын “Slackers”, ӨМӨЗО-ны “9596”, Ѳмнѳд Солонгосын “Shenanigans”, Финландийн “Catself” Францын “Charles Baptise” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 хамтлаг оролцох гэнэ. Харин Монголоос бидний сайн мэдэх “Нисванис”, “The Lemons” “UFO” зэрэг шилдэг 25 хамтлаг дуучид болон 20 гаруй дижи нар электроник дэнс хѳгжмөөр аялуулна.
Амьд хөгжмийн наадмын “Playtime” тайзнаа оройн цагаар гадаадын болон монголын шилдэг хамтлагууд уран бүтээлээ хүргэх бол “Шинэ Давалгаа” тайзан дээр шинэ залуу хамтлагууд, “Нааглихац” тайзыг шилдэг 20 дижи нар эзэгнэж онцгой бэлэг барих юм байна.
Мөн наадмын уламжлал болсон “Replay market”-ийг “Made in Mongolia” уриатайгаар Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри тэргүүтэй уран бүтээлчдийн урласан хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, гар урлалын зүйлийг толилуулах гэнэ.
А.ЦЭЭСҮРЭН