Чингисийн талбайд Чингис бондыг “сурталчилав”

Хуучирсан мэдээ: 2016.06.15-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд Чингис бондыг “сурталчилав”

Эх орны хөрсөнд  ургасан төмсийг 550 төгрөг, сонгиныг 650 төгрөг, алимыг 2500 төгрөгөөр Чингисийн талбайд худалдаалж байна. Худалдан авагчид “Үнийн хувьд хямд, цэвэрхэн, сайн чанарын ногоо байна” хэмээн ярилцах нь сонсогдов. Учрыг сонирхвол “Дельта Холдинг” ХХК Чингис бондоос санхүүжилт авч, Европ стандартын агуулах байгуулсан бөгөөд тус стандартын агуулахдаа хадгалж буй эх орныхоо хөрсөнд ургуулсан хүнсний ногооныхоо дээжийг хүмүүст танилцуулж, худалдаалж байгаа аж.

Тус компанийн маркетингийн менежер Ө.Баясгалан танилцуулахдаа “Манай компани Чингис бондоос 22 тэрбум төгрөгийн санжүүжилт авснаар Сэлэнгэ аймгийн Баруунхараад “Майнд Тэч” ургамлын тосны үйлдвэр болон 22-ын товчоонд монголдоо анхдагч Голландын тоног төхөөрөмжөөр Европ стандартын агуулах барьсан юм. Өнөөдрийн үзэсгэлэнд үйлдвэрийнхээ брэнд “Оргих” ургамлын тос, малын хүчит тэжээл, шинэхэн агуулахдаа стандартын дагуу хадгалж буй хүнсний ногоогоо худалдаж байна” гэв.

Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банктай хамтран  “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдааг өнөөдөр /2016.06.15/ хотын төв талбайд зохион байгуулж байгаа нь энэ юм. Үзэсгэлэнд Чингис бондоос санхүүжилт авсан 129 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, төслийн үр дүнгээ танилцуулж байна.

Байгууллагынхаа худалдаа, үйлчилгээгээ танилцуулж буй цагаан асрууд дундаас оёмол хувцасны “Эксклюсив” компанийн бүтээгдэхүүнийг хүмүүс их сонирхож байгаа харагдав. Тус компанийн худалдаалж буй цамц, өмдөн дээр “Чингис бондын үр өгөөж” хэмээн бичиж, үнээ байрлуулжээ. Цамц 5-10 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өмд 15 төгрөгийн үнэтэй байлаа.

Манай компани 2009 онд монголын анхны оёмол хувцасны үйлдвэр болон үйл ажиллагаагаа явуулсан. Чингис бондоос 2013 оны 10 сард 750 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт авсан юм. Энэ бондын үр өгөөжийг харуулах үзэсгэлэнд оролцож байгаадаа баяртай байна. Үнэхээр нүдээ олсон хөрөнгө оруулалтын үр дүн эргээд ард түмэндээ ирдэг гэдэг. Манай орон сүүлийн 26 жил хэрэглэгч орон байсан бол өнөөдөр оёмол бүтээгдэхүүнийг өөрсдөө үйлдвэрлэж байна” хэмээн тус компанийн захирал Х.Майцэцэг сэтгэгдлээ хуваалцав.

Харин цамц сонирхож буй Р.Цогзолмаа “Өнөөдрийн үзэсгэлэн худалдааг сонирхож явна. Энэ компанийн хувцас үнэ хямд, матеирал сайтай, загвар нь ч гэсэн таалагдаж байна. Монголдоо ийм сайхан хувцас үйлдвэрлэж байгаа нь сайхан санагдлаа” хэмээн ярилаа.

Чингис бондын бүтээн байгуулалтын хүрээнд Засгийн газраас 131 төслийг дэмжин ажиллаж, 232.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснийг албаныхан дурдлаа. Үүний 27 хүнсний, 52 хөнгөн, барилгын материалын 38, таван мал аж ахуй, хоёр газар тариалан, эм, био бэлдмэлийн зургаа, үйлдвэр байгаа аж. Мөн энэ үеэр Авто замын төсөл, Гудамж төсөл, Инженерийн дэд бүтцийн төсөл, ДЦС-4 хүчин чадлыг нэмэгдүүлэх, Тавантолгойн цахилгаан станц зэрэг томоохон төслүүдийг танилцууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж