Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 дугаар тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өчигдөр алдартнуудын хэмээгддэг 15-дугаар хорооны иргэдтэй уулзалтаа үргэлжлүүллээ. Боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг, ажлын байр хомс байгааг уулзалтад оролцсон гурван хүн тутмын хоёр нь хэлж байлаа. Уг асуудалд нэр дэвшигч нар анхаарал хандуулж, намын мөрийн хөтөлбөр тусгагдсан ажлуудыг бодитой хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан юм.
Мөн уулзалтын үеэр иргэд Засгийн газарт “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны 322-г худалдах авах төсөв, хөрөнгө, эдийн засгийн боломж байгаа, эсэх талаар нэр дэвшигч Ж.Энхбаяраас асуусан юм. Тэрбээр, “Засгийн газар Үнэт цаасны тухай хууль болон Компанийн тухай хуулийн хэд хэдэн зүйл, заалтыг зөрчиж байгаа. Төсвийн алдагдал энэ оны тавдугаар сарын байдлаар 870 тэрбум төгрөгт хүрсэн. Гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед маш хариуцлагагүй шийдвэр эрх баригчид гаргасанд туйлын харамсч байна. Төсвийн орлого, гадаадын өрийн дарамт, эдийн засгийн нөхцөл байдлаа авч үзэхэд, дээрх шийдвэр ямар ч хэрэгжих боломжгүй. Иргэд сонгогч нартаа хандаж хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа үнэ цэнэтэй хэвээр байгаа” гэв.
Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболдын Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүртээ эзэмшүүлж байсан. Тухайн үед гаргасан шийдвэр иргэдэд хөрөнгийн зах зээлийн талаарх багагүй ойлголтыг өгч, Монголын хөрөнгийн биржийн шинэчлэлийн ажил эхэлж байв. Энэ удаагийн сонгуульд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатайгаар оролцож байгаа Ж.Энхбаяр “Засгийн газар иргэдээс хувьцаа худалдан авч байгаа энэ мөнгөний эх үүсвэр өөрөө тодорхой бус, ойлгомжгүй байгаа. Сонгуулийн дараа их олон зүйл ил болно гэж найдаж байна. Хувьцаа худалдан авах эх үүсвэрийг хаанаас шийдвэрлэсэн нь одоо ч бүрхэг байгаа” гэлээ. Эдийн засаг өдөр ирэх тусам агшиж байгаа энэ үед төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг тэрээр нэмж хэлэв. Монголын үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны зүгээс Засгийн газрын явуулж байгаа дээрх арга хэмжээг хууль зөрчсөн, санхүүгийн зах зээлийн хөгжилд хөндлөнгөөс оролцож байгааг мэдэгдсэн юм.
Б.БАЯР
ЭХ СУРВАЛЖ: УИХ-н сонгуулийн 50-р тойрогт нэр дэвшигч Ж.Энхбаярын штаб