Монголчууд ямар цалинтай вэ. Яг энэ асуултад статистикчид чухам юу гэж хариулсныг эхлээд сонирхоё.
Улсын хэмжээнд 36.6 мянган аж ахуйн нэгжийн 550 мянган ажилчид нийгмийн даатгал төлжээ. Тэдгээрийн 25.7 мянга буюу 4.8 хувь нь 192 мянган төгрөг хүртэлх цалинтай, 54.6 мянга буюу 9.9 хувь нь 192-300 мянган төгрөгийн цалинтай, 100 мянга буюу 18.2 хувь нь 300-500 мянган төгрөгийн цалинтай, 211.4 мянга буюу 38.3 хувь нь 500-900 мянган төгрөгийн цалинтай, 84.9 мянга буюу 15.4 хувь нь 900 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай, 20 мянга буюу 3.6 хувь нь нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгийн төгрөгийн цалинтай, 54 мянга буюу 9.8 хувь нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай байгааг албаны хүмүүс тодотгож байна.
Цалин хөлснийхөө хэмжээгээр Монгол Улс дэлхийд нэлээд доогуурт ордог. Өөрөөр хэлбэл, монголчуудын хөдөлмөрийн үнэлэмж бага дэлхийн бусад улс орнуудаас 3.5 дахин бага гэсэн судалгааг бий. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн улс орнууд дахь нэг сарын хөдөлмөрийн хөлс нь дунджаар 1480 доллар байхад манайх 415 доллар байна.
Улсын бүртгэл, статистикийн газраас гаргасан судалгааг харахад 192 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид өмнөх улирлынхаас 2.3 мянгаар, 192-300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар, 700-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.8 мянгаар, 900 мянгаас нэг сая 100 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 9.3 мянгаар, нэг сая 100 мянгаас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.6 мянгаар буурчээ.
Харин 300-500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.4 мянгаар, 500-700мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.6 мянгаар, нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай ажиллагчид 2.9 мянгаар нэмэгдсэн байна.
Тэрчлэн стастистикчид цалингийн дундаж хэмжээг тогтоохоор аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоо, хүйс болон аль салбарт үйл ажиллагаа явуулдгаар нь ялган судалгаа хийжээ.
Монголд хамгийн өндөр цалинг уул уурхайн салбарынхан авч байна. Харин хамгийн бага цалинг нийтийн үйлчилгээний салбарынхан авдаг аж. Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу нэг сая 900 мянган төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 584 мянган төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай байгууллагын ажилчдын сарын дундаж цалин 594.4 мянган төгрөг 10-49 ажилчинтай байгууллагынх 732 мянган төгрөг, 50-99 ажиллагчинтай байгууллагынх 812.4 мянган төгрөг, 100-199 ажилчинтай компани 910 мянган төгрөг, 200 болон түүнээс дээш ажилчинтай компанийн дундаж цалин нэг сая 200 мянган төгрөг байна.
Ийм бага цалинтай монголчууд том, том жип унаж, үнэтэй брэндийн хувцасаар гангардагийг гайхах хүн харин олон.
Б.ХОНГОР