Ираны шашны лидер Аятолла Али Хаменей АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд хандан мэдэгдэл хийжээ. Тэрбээр АНУ-ын нэр дэвшигчдэд хандан Ираны олон улстай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг хөндөх хэрэггүй хэмээн анхааруулга өгчээ. Аятолла Али Хаменей “Хэрэв АНУ-ын нэр дэвшигчид Иран болон их гүрнүүдийн хооронд байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээг цуцалвал Тегеран гал нээнэ” хэмээн сүрдүүлсэн байна. Ингэж мэдэгдэхдээ Аятолла Али Хаменей аль нэг нэр дэвшигчийг онцлоогүй аж. Энэ нь Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон эсвэл Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампын хэн нь ч АНУ-ын ерөнхийлөгч болсон Иранд ялгаагүй гэж ойлгогдож байна.
АНУ болон Европын орнууд Тегерантай байгуулсан цөмийн хөтөлбөрийн гэрээний дагуу өнгөрсөн нэгдүгээр сард Ираны эсрэг эдийн засгийн хоригоо цуцалсан билээ. Гэвч одоо болтол гадаад дахь Ираны мөнгө царцсан хэвээр, банкны үйл ажиллаанд хориг саад байсаар байгааг Аятолла Али Хаменей мэдэгджээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS