ОХУ болон Украины засгийн газрын хооронд өчигдөр /2016.06.14/ дөрвөн хоригдлыг солилцжээ. Өмнө нь өнгөрсөн тавдугаар сард хоёр орны төрийн тэргүүний яриа хэлэлцээний үр дүнд ОХУ-ын шоронд хоригдож байсан Украины нисгэгч Надя Савченког сулласан билээ. ОХУ-д хоригдож байсан Украины хоёр иргэнийг Москваг дэмжигч хоёр иргэнээр солилцон сулласан байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Юрий Солошенко, Геннадий Афанасьев нарт өршөөл үзүүлэн сулласнаар Киев рүү буцсан байна. Тэднийг 2014 оны тавдугаар сард ОХУ-ын аюулгүй албаныхан Крым хойгт терроризмын хэрэгт буруутган баривчилсан байв.
Үүний хариуд Киевд хоригдож байсан Украины хоёр сэтгүүлчийг суллажээ. Елена Глишчинская болон Виталий Диненко нарыг Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдыг дэмжсэн хэрэгт буруутган хорих ялаар шийтгэсэн аж. Украины сэтгүүлчид суллагдсаныхаа дараа ОХУ руу нисчээ.
ОХУ болон Украины хооронд хоригдол солилцох яриа хэлэлцээнд ерөнхийлөгч Влдимир Путинтэй хувийн харилцаатай Виктор Медведчук гэгч эрхэм чухал үүрэг гүйцэтгэсэн талаар Кремлийн хэвлэлүүд онцолжээ.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE