Монгол гэрийн хойморт байрлах эрээн авдар энэ удаа “Уламжлал ба шинэчлэл” медиа урлагийн хамтарсан үзэсгэлэнгийн танхимд заларчээ. Жирийн цэнхэр өнгөтэй уг авдрын цоожны нүхээр шагайсан хэн бүхэнд өөрийн эрхгүй нэгийг бодогдуулна.
Учир юу гэвэл тэрхүү нууцлаг авдрын цоожны нүхэнд дуран суурилуулсан бөгөөд тэрхүү дурангаас алсран холдож буй нүүдэлчин ахуй амьдрал, өв уламжлалаа олж харах болно. Монгол түмэн дурангаар холын зүйлийг ойртуулж хардаг шүү дээ. Гэтэл уг “Цоожтой авдар”-ын нүхээр нүүдэлчин ардын амьдарч буй гэр, ахмад настнаа хүндэтгэх ёс заншил, малч ухаан, нүүдэлчин ардын соёл, уудам тал нутгийн минь үзэсгэлэнг тэр чигээр нь харуулах нь тэр.
Ийн өвөг дээдсээс уламжилж ирсэн нүүдэлчин соёлоосоо холдож байгаа гэсэн санааг үзэсгэлэнд оролцож буй уран бүтээлч Б.Мөнхцэцэг “Цоожтой авдар” инстоляци буюу өрөг бүтээлээрээ өгүүлсэн байх юм.
“Уламжлал ба шинэчлэл” медиа урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн анхдугаар наадмын хүрээнд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд энэ сарын 9-нөөс эхлэн сарын хугацаанд дэлгэгдэх юм байна.
Уг үзэсгэлэнд Монгол, Австрали, АНУ, Герман, Дани, Малайз, Сингапур, Франц, Хятад зэрэг есөн орны 18 уран бүтээлчид оролцож байна. Эдгээр уран бүтээлчдийн бүтээлүүдээс дурдвал С.Ганзүгийн “Төрүүлэгч” хэмээх бүтээл нь “Цагаан дарь эх”-ийн шүтээн зургийг бөөгийн шашны тэнгэр үзэлтэй харьцуулан, хүний дотоод ертөнц дэх шашны зан үйлийг бодит, үйл хөдлөлөөр илэрхийлж буйгаараа онцлог ажээ.
Харин Данийн уран бүтээлч Амалие Смитийн өнгөрсөн онд бүтээсэн “Нүд хүрж, гар харна” видео бүтээл хүртэх мэдрэмжийг цаг хугацааны дарааллаар тайлбарласан нь хүмүүст сонирхолтой санагдаж байлаа. Түүний бүтээлд хадны сүг зураг дээр хүн гараараа зураг зурдаг байсан бол одоо дижитал системд шилжин зөвхөн товчлуур дарах зэргээр гараа ашиглаж байна. Тэгэхээр хүний хүртэх мэдрэмж нэн эртний үед ч ямар байсан тэр хэвээрээ байгааг нэгтгэн харуулжээ.
“Уламжлал ба шинэчлэл” медиа урлагийн үзэсгэлэнг хүмүүс сонирхохоос гадна өөрийн оролцоотойгоор мэдэрч буйгаараа онцлог байлаа. Үзэсгэлэнг сонирхож буй хүмүүсийн зарим нь бүтээлийн өгүүлэмжийг ойлгохгүй байсан бол зарим нь гайхан магтсан сэтгэгдлээ хуваалцаж байв.