Хоёр жил тутамд зохиогддог Олон улсын энхийн буухиа гүйлтийн галт бамбар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгаар нутгаар буухиалан зургадугаар сарын 11-ний өдөр Улаанбаатарт ирсэн. Өчигдөр бамбарыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, УИД-ийн өмнөх талбай, Төмөр замын Соёлын ордон, Саппоро зэрэг газруудад харьяа дүүргийн төлөөлөл болон Биеийн тамирын спортын хороод дамжуулсан юм. Улаанбаатар хотод болсон буухиа гүйлтийн бамбарын хаалтыг 22-ын товчоонд хийж, дараагийн орон нутгийн буухиад шилжүүлсэн.
“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант сумаар дамжин маргааш Өвөрхангайн Хархоринд очих юм байна. Хуваарийн дагуу Архангай, Завхан, Ховдын нутгаар дамжин зургадугаар сарын 27-ны өдөр Такашикен-Булганы боомтоос дараагийн буухиа болох БНХАУ-ын буухиан багт шилжүүлэн өгөх юм.
Буухиа галт бамбарыг Эрүүл мэнд, спортын яам, Онцгой байдлын Ерөнхий газар, Шри Чинмойн марафоны баг, маршрутын дагуух аймаг, сумдын захиргаад хамтран зохион байгуулж байна.
“Эвийн өргөө энхийн гүйлт-2016” галт бамбарын буухиа зургадугаар сарын 3-ны өдөр БНХАУ-ын талаас Дорнод аймгийн нутагт ирсэн бөгөөд Монгол орны зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл есөн аймгийн 39 сум суурин газраар буухиалан дараагийн улсад шилжих юм.
Энхтайвны гүйлтэнд спортын бэлтгэл болон насны ялгаанаас үл хамааран хэн ч нэгдэн оролцох боломжтой юм байна.
Нэрт тамирчин Шри Чинмой Энхийн гүйлтийг 1987 онд анх санаачилсан бөгөөд Монгол Улс 1995 онд энэхүү гүйлтэнд нэгдэн орсон. Эдүгээ энэхүү галт бамбарт буухиа гүйлт нь дэлхийн 100 гаруй орныг хамран зохиогдож байгаа бөгөөд эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон галт бамбарыг гүйгчид гараас гарт дамжуулан, зүрхнээс зүрхэнд эв нэгдлийн уриаг түгээдэг.
Ч.БОЛОР