-Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна.
-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өмгөөлөгчдөд зориулсан сургалтын хөтөлбөртэй болъё гэж бодож байгаа. Нэгдүгээрт, мэдээллийн технологитой холбоотой. Хоёрдугаарт, шинээр шүүн таслах ажиллагаанд оролцох, шүүхэд ирэхдээ ямар нөхцөл, юун дээр анхаарах вэ гэдэг зүйлсийг бид бас хэлэх ёстой юм байна гэж төлөвлөсөн. Улсын дээд шүүх дээр шүүхэд төлөөлөх эрх буюу өмгөөллийн эрхээ бүртгүүлэх хүсэлтээ гаргаж байгаа хүмүүст эрхийг нь олгохоос өмнө бид ийм сургалтыг санал болгоод сургалтад суусных нь дараа эрхийг нь олговол зохистой байх. Энэ сургалтыг үнэ төлбөргүй явуулдаг болно. Гуравдугаарт, ер нь шүүн таслах ажиллагаа гэдэг бол прокурор, өмгөөлөгчгүйгээр явах ямар ч боломж байхгүй. Бид шүүхэд чиглэсэн шүүн таслах ажиллагаанаас илүүтэй хэргийн оролцогчдод хандсан, талууддаа түшиглэсэн, тэдний гаргаж байгаа үндэслэл, тавьж байгаа тайлбар, илэрхийлж буй итгэл үнэмшил дээр шүүх шийдвэрээ гаргадаг арга барилыг сургалтаар илүү дэмжих ёстой.
-Социализмын үед хөдөлмөрийн зах зээлийг аль болох үнэ төлбөргүй хөдөлмөрлөх хүчнээр хангах ёстой байсан. Үүнийгээ коммунист субботник, албан бус үйлдвэрлэл, эсвэл шорон, цэрэг хоёроор хангадаг байсан. Шоронд олон хүн орж байвал үнэ төлбөргүй ажиллах хүч бий болж байна гэсэн үг гэдэг номлолтой, тийм философитой хариуцлагын тогтолцоо байсан учраас шорон луу ачих нь шударга ёс гэж ойлгодог байсан. Одоо бол тийм биш болсон. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг болгочихоор нөхрийг нь шорон луу ачаад байх юм уу гэж шүүмжилж байна шүү дээ. Үгүй. Нөхрийг нь бариад хорьчихоор гэр бүлийг нь давхар торгочихож байгаа юм. Ганц ажил хийдэг байсан хүнийг нь шоронд явуулчихаар гэр бүл орлогогүй, хүүхдүүд нь сургалтын төлбөргүй болоод л дуусна. Тийм учраас хорихоос өөр ямар төрлийн ял байж болох вэ? Ажлаа хийнгээ, орлоготой байнгаа нийгмээс тусгаарлах ямар ял байна гэхээр нөгөө эрх чөлөөг хязгаарлах, цахим гав, нийтэд тусдаа ажил хийлгэх гэсэн өөр төрлийн ялууд ороод ирж байна. Хуучин хуулиар “албадан хөдөлмөрлүүлнэ” гээд хоригдлуудаар шоронгийн дарга юм уу хэн нэгэн албан тушаалтны хувийн байшинг бариад явж байсан. Энэ биш. Хөдөлмөрлөж болно, тэгснээрээ хэн нэг хувь этгээдийн хөрөнгийг арвижуулах биш нийтэд тустай үйл ажиллагаанд орж байх ёстой гэдгээр хуулийн философи өөрчлөгдөж байгаа.