УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2016.06.14/ Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийв.
Тэрээр уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ, шинэ сонгуулийн хуулиар тойргоос сонгогдсон гишүүд иргэдтэй илүү ойртон ажиллах боломж бүрдэж байгаа. Баянгол дүүрэгт өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалтын ажил их хийгдсэн. Би сая Баянгол дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Олон улсын жишигт нийцсэн сайхан эмнэлэгтэй болсон байна, Баянгол дүүрэг нь бусад дүүргээс их ялгаатай дүүрэг. Энэхүү дүүрэгт 4 жил амжилттай ажилласан шинэчлэлийн багийн гишүүн боллоо. Иймээс та бүхэнд дүүрэгтээ хийх ажлаа танилцуулая гэлээ. Танилцуулгынхаа эхэнд, Ардчилсан намын хийж хэрэгжүүлсэн ажлуудаас танилцуулав. Нэр дэвшигч бүр өөр өөрийн мөрийн хөтөлбөртэй байх нь хуулиар хориотой тул манай намын бүх нэр дэвшигчид ижил мөрийн хөтөлбөрөө та бүхэнд танилцуулж байгаа гэв.
2012-2016 онд бид юу хийж чадав…амжилт, ололтууд
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд хэлэхдээ, 2012 онд Ардчилсан нам олуулаа болж, засгийн эрх барьж эхлэх тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ огцом буурсан. Энэ нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлсөн. Яг энэ хүчин зүйлээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг дан ганц уул уурхайд суурилсан ганц тулгууртай байх ёсгүй гэдгийг бидэнд харуулсан. Иймээс ганц тулгууртай эдийн засгийг олон тулгууртай болгох ажлуудыг эхлүүлж, бид суурийг нь тавьж чадлаа. 2012-2016 онд бид юу хийж чадав? Бид энэ хугацаанд мөнгөний бодлогын шинэчлэл хийж, 8 болон 5 хувийн ипотекийн зээлийг иргэдэд олгож, малчдад 10 хувийн малчны зээл, гэрийн хороололд амьдарч буй иргэдэд “Сайн хашаа” хөтөлбөрийн 5 хувийн зээлийг олгох зэргээр иргэд рүү хандсан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж чадсан, цаашид ч үргэлжилнэ. Амаргүй дөрвөн жилд амжуулсан 10 ажлын хувьд, 1680 үйлдвэрийн төслийг дэмжиж, үйлдвэржилтийг эрчимжүүлж, эхлэлийг тавилаа. Мөн 82000 өрх орон сууцанд орж, 3405 км авто зам тавигдсан. 573000 хүн ажилласан жилээ нэмэгдүүлсэн. Нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 МВт-ээр нэмэгдүүлснээр 163,000 айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдээд байна. Нийслэлийн барилгажих боломжтой талбайг 1,500 орчим га газраар нэмэгдүүлснээр 54,549 айлын орон сууц, 8,020 хүүхдийн 50 гаруй цэцэрлэг, 18,890 хүүхдийн 30 орчим сургууль зэргийг барих боломж нээгдсэн байна.
Ипотекийн зээл нь зөвхөн байранд орсон иргэдийн асуудал биш энэ нь араасаа олон чиргүүлийг дагуулж явдаг вагоны зүтгүүртэй адил гэлээ. Барилга, барилгын материал, зураг төсөл, тавилга гээд олон салбарыг ардаа дагуулж явдаг. Тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэж, айл өрхүүд орлоготой болж байна.
Үүний дараа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд Ардчилсан намаас дэвшүүлсэн “Монгол Хүн 2020” хэмээх хөтөлбөрийн үргэлжлэл болох шинэ мөрийн хөтөлбөрийн гол агуулгыг танилцуулав.
Ирэх дөрвөн жилд Ардчилсан нам экспортыг идэвхжүүлэн ажиллана. Экспортын чиг баримжаатай аж үйлдвэр, ХАА-н салбарын эрчимтэй хөгжил, монгол хүний бүтээмжийг өсгөнө, орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн гол агуулгыг хэрэгжүүлэхийн тулд “Таван сайн” хөтөлбөрийг танилцуулав. Эдгээр зорилтуудаас сайн малчин, сайн оюутан, сайн хашаа зэрэг хөтөлбөр хэдийнээ хэрэгжээд эхэлсэн.
Харин цаашид сайн бизнес, сайн экспорт гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Сайн бизнес бол бизнесийн моргейж юм. Жишээ нь, Улаанбаатар хотын орон сууцны нэгдүгээр давхарт худалдаа эрхэлж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Бизнес эрхлэгч үл хөдлөх хөрөнгөө барьцаалан 5 хувийн хүүтэй зээлийг 5 жил хүртэл хүртэлх хугацаатай авах боломж бүрдэнэ.Харин сайн экспортын хувьд, үйлдвэржилтийг хот хөдөөгүй, орон даяар эрчимтэй өрнүүлж, ЭКСПОРТЫГ ЭН ТЭРГҮҮНД тавих бөгөөд уул уурхайн бус экспортыг 2 дахин нэмэгдүүлнэ гэлээ.
Мөн Баянгол дүүргийн иргэд, сонгогчдод Ардчилсан намаас хийж, хэрэгжүүлэх “Ахиулан хийх ажил”-уудаа танилцуулав. Эдгээр ажлуудад, гадаадад биш монголдоо эмчлүүлдэг болох, 20000 айлыг түрээсийн орон сууцанд оруулах, хөгжлийн зүтгэх хүч болсон БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ дэмжиж, Монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, гадаад орнуудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зэрэг ахиулан хийх ажлуудаа танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хүн амын хөгжлийн чиглэлээр хийсэн ажлуудаа танилцууллаа. Мөн өнөөдөр НҮБ-д Монгол Улсын хүний хөгжлийн 6 дахь тайлангаа хүргүүлсэн бөгөөд Монгол Улс дэлхийн 180 улсаас 90 дүгээрт орж буйг хэллээ.
Баянгол дүүргийн иргэн С.Арслан: 90-ээд онд Эрдэнэт үйлдвэрийг аварсан З.Энхболд,
2015 онд Таван толгойг ард түмэндээ авч үлдсэн
Энэхүү уулзалтын төгсгөлд иргэдийн сонирхсон асуултад УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, НИТХ-д 6 дугаар хорооноос нэр дэвшигч В.Ганбаатар нар хариулт өгөв.
Баянгол дүүргийн 17 дугаар хорооны иргэн С.Арслан хэлэхдээ, УИХ-ын дарга З.Энхболд Баянгол дүүрэгт нэр дэвшиж буй тул би энэхүү уулзалтад зориуд ирлээ. Яагаад гэвэл УИХ-ын дарга, инженер Энхболд 1990 ээд онд Эрдэнэт үйлдвэрийг аврахын тулд хүнд хэцүү сорилтуудыг хэрхэн давж байсныг би мэдэх юм. Монгол Улсын төсвийн саалийн үнээ гэж хэлэгддэг Эрдэнэт үйлдвэрийг дампуурлын ирмэгээс татаж гаргасан хүн бол З.Энхболд. Энэ түүхийг хүн бүхэн мэднэ дээ. Түүний хийсэн хоёр дахь гавьяа бол ард түмний баялаг болсон Таван толгойг Засгийн газартай сөргөлдөн байж хэрхэн авч үлдсэнийг бид мэднэ гэлээ.
Мөн иргэд Ардчилсан намын мөрийн хөтөлбөр, мөн газрын ховор элемент ураны асуудал, бага дунд боловсролын асуудал, мөн ипотекийн зээлээр байранд иргэдийн төлөөлөл Ардчилсан намд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд иргэдийн амьдралд үүссэн олон асуудлыг жижиг гэлтгүй шийдэж ирсэнд талархал илэрхийлэв. Баянгол дүүрэг нь хамгийн олон лифт зассан буюу 240 лифт зассан, 120 байрны дээвэр зассан гээд жижиг гэлтгүй иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой олон ажил хийгдсэн дүүрэг гэдгийг иргэд хэлж байв.
ЭХ СУРВАЛЖ: АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ