Урин дулаан цаг ирж, зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэж, осол гарах болсон байна. Энэ талаар Замын цагдаагийн газрын хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Амаржаргалаас тодрууллаа.
-Орон нутгийн замд осол нэмэгдэх болсон гэж үнэн үү. Өнгөрсөн амралтын өдрүүдийн замын аюулгүй байдал ямар байсан бэ?
-Урин дулаан цаг ирж, оюутан сурагчдын хичээл сургууль амарч хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн замд осол гарах боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд гэмтсэн. Тухайлбал, Дархан уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар H.Sonata маркийн авто машин онхолдож зорчигч 16 настай эмэгтэй Б –ийн амь нас хохирч, гурван хүн гэмтсэн.
Мөн Төв аймгийн Баянхангай сумын Атар-13 гэх газар H.Sonata маркийн авто машины жолооч Г нь Northbenz маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 31 настай эрэгтэй Г –ийн амь нас хохирсон.
Иймээс орон нутагт зорчихдоо жолооч та цаг агаарын байдал, замын нөхцөлд хөдөлгөөний хурдыг зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.
-Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүүхэд зам тээврийн осолд өртсөн гэх мэдээлэл байна?
-2016 оны зургадугаар сарын 11, 12-ны өдрүүд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт 587 дуудлага ирсэн. Үүнээс зам тээврийн ослын 401 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 22 бүртгэгдэж, 25 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч тав, явган зорчигч гурав, Зам тээврийн осолд таван хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны гурав, сургуулийн насны хоёр хүүхэд.
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил хэр илэрсэн бэ?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 132 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Өндөр настны автобусны буудлын замд S.Impreza маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуйтай 14 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын хойд Сансар түргэн хоолны газрын урд Т.Carina маркийн авто машины жолооч С нь явган зорчигч 05 настай эрэгтэй С-н мөргөж гэмтээсэн.
Мөн Евро-2016 хөлбөмбөгийн тэмцээн эхэлсэнтэй холбогдуулан онцлон жолооч нарт сануулмаар байна. Өнгөрсөн жил л гэхэд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг найзуудаараа шөнөжин үзээд нойргүй хоносон жолооч осолдсон явдал гарч байсан. Нойргүй хоносон хүн машинаа барьж яваад шон мөргөж осолдсон. Тиймээс ялангуяа жолооч нартаа сануулж хэлэхэд, хөлбөмбөгийн тэмцээнийг олноороо үзэж, согтууруулах ундаа хэрэглэсэн, хэт ядарсан үедээ дуудлагын жолооч дуудаж, амь нас, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалах хэрэгтэй.
Б.ЗАЯА