Зарлигаар цол олгодог наадамд засах зүйл олон байна

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Зарлигаар цол олгодог наадамд засах зүйл олон байна

Нэгхэн сарын дараа наадам болно. Гэтэл наадам болохгүй юм шиг нам жим. Бөхчүүд нутаг нугынхаа нэр дэвшигчдийг даган, сонгуульд “барилдаж” байна. Зургадугаар сар талдаа орчихоод байхад галд гарч, бэлтгэл сургуулилтад биеэ нухлуулсан хүн бараг алга. Нэг нэр дэвшигч дор хаяж нэг бөхөөр сүр бараа хийж явахыг хүссэн нь монголчууд бөх хүнд аашны мууг үзүүлдэггүйтэй ч холбоотой байх. Гэхдээ тэдэнтэй, тэдэнгүй сонгууль болдгоороо болж, наадам ирдгээрээ ирнэ.  

Наадмын дараа яригддаг нэг сэдэв бий. Бөхчүүдээс допинг илэрсэн үү? Илэрсэн байж магадгүй, илэрсэн, илрээгүй… Ингэсээр байгаад удалгүй мартагддаг. Бөхчүүд нь ч тоодоггүй. Наадмаар л ганц удаа нэг нь авсан болж, нөгөө нь өгсөн болдог энэ ажлыг нарийндаа бол ямар ч ач холбогдолгүйгээр зохион байгуулж, мөнгө, цаг, хөдөлмөр үрж иржээ. Үүнийг наадмын дараа биш өмнө ярих нь зөв.

Монгол Улс ОУОХ-ны гишүүнийхээ хувьд 1999 оноос эхлэн допингийн эсрэг бодлогод нэгдэж, үндэсний баяр наадамд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авчээ. Анх шинжилгээ авснаас хойш 2003 он хүртэл энэ ажлыг МҮОХ бие даан хариуцаж байсан бол тэр жилд Баяр наадмын тухай хууль батлагдсанаар наадмын допингийн шинжилгээ авах үйл ажиллагаа хуулийн дагуу явагддаг болсон гэж ойлгож болно. Гэхдээ хуулийн дагуу гэдэг сүрдүүлэгтэй л болохоос бодит амьдрал  дээр наадмын үеэр допингийн шинжилгээ авах явц стандартын дагуу явагддаг уу гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Баяр наадмын тухай хууль нь "Тэгвэл ингэнэ, эсвэл ингэнэ" гэсэн олон цоорхойтой. Нэг үгээр бол наадмын үеэр бөхчүүдээс авдаг допингийн шинжилгээ нь хүсвэл ярьдаг, хүсэхгүй бол дардаг, Төв цэнгэлдэхийн хонгилын өрөөнд найруулдаг “хор” юм шиг харагддаг. 

Монголын тамирчид допинг хэрэглэдэг улсын хар дансанд 1972 онд бүртгэгдсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 28 тамирчин Допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаж, хар жагсаалтад бичигдсэний 14 нь үндэсний бөхчүүд.

Үндэсний уламжлалт спорт гэдэг утгаараа наадамд барилдсан бөхчүүдээс допинг илэрнэ үү, яана уу Олон улсын допингийн эсрэг агентлаг /WADA/-т бараг хамаагүй. Мөн манайд Үндэсний допингийн эсрэг агентлаг байхгүй учир сайн дураараа шахам допинг хэрэглэдэг хүмүүст шийтгэл хүлээлгэх боломж бараг байхгүй. Баяр наадмын тухай хууль, үндэсний бөхийн барилдааны дүрмийн хүрээнд хариуцлага ярьдаг, Захиргааны хэргийн шүүхээр асуудал гарвал шийдвэрлэдэг хууль эрх зүйн ийм л нөхцөлтэй.  Хууль нь ч явж явж нарийн зүйл, заалтгүй. Тэгвэл ингэнэ, эсвэл ингэнэ гэсэн олон цоорхойтой. Нэг үгээр бол наадмын үеэр бөхчүүдээс авдаг допингийн тэр шинжилгээ нь хүсвэл ярьдаг, хүсэхгүй бол дардаг, Төв цэнгэлдэхийн хонгилын өрөөнд найруулдаг “хор” юм шиг харагддаг. 

Стандартын өрөөгүй, шаардлага хангасан мэргэжилтэнгүй, нэг ёсондоо шигшээ багийн эмч нар голдуу хүмүүс шинжилгээ авах, хянах, шинжлүүлэх бүх ажлыг хариуцан хийдэг нь хардах явцыг өөрөө бий болгосоор иржээ. Үндэсний шигшээ багийн эмч нар энэ ажилд оролцох нь буруу юм шиг. Үнэхээр л допинг хянах гэж байгаа юм бол түүнийг хариуцсан хараат бус хүн, шаардлага хангасан өрөө, хөндлөнгийн хяналт, хүлээлгэх хариуцлага, дүрэм журам бүхэн байх ёстой байв. Гэтэл төдийгөөс өдийг хүртэл стандартын бус өрөөнд, хяналтгүй шахам байдлаар шинжилгээ авсан хэвээр. Хүүхдийнхээ шээсийг саванд хийж авчираад өгчихдөг ч юм билүү. Түүнийг нь хэн ч мэдэхгүй, хэнд нь ч итгэх нөхцөлгүй. Тийм ч болохоор хардах бүрэн шалтгаан наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах процессоос анзаарагддаг.

Холбогдох албан тушаалын хүмүүс наадмын үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авах ёстой гэж ярьдаг болохоос биш авдаг арга хэлбэрийг нь өөрчилж, сайжруулъя гэж хэлдэггүй. Нэгэнт л бөхчүүдийн юу ууж идэх нь хамаагүй гээд хаячихаж чадахгүй л юм бол түүнийгээ ном журмаар нь явуулж, тэднийг шударга өрсөлдөөн рүү нь чиглүүлэх хэрэгтэй. Жилд ганц болдог, Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог наадмын сүүдэрт допингийн шинжилгээ нэрээр ашиг сонирхлын зөрчил үйлчилж байдаг бол харамсалтай л юм.


ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРЭМ ЗӨРЧСӨН БӨХЧҮҮДИЙН ХАР ЖАГСААЛТ

Он

Нэр

Илэрсэн бодис

1

2002

А.Сүхбат              

анаболик стероид

2

2003

Д.Батбаяр            

анаболик стероид

3

2004

Д.Мягмарсүрэн    

анаболик стероид

4

2004

Г.Ганхуяг              

анаболик стероид

5

2006

Д.Рагчаа              

анаболик стероид

6

2006

Г.Эрхэмбаяр        

анаболик стероид

7

2009

Ц.Сумъяабээс      

анаболик стероид

8

2009

Б.Соронзонболд  

дексаметазон

9

2011

Г.Алтангэрэл        

анаболик стероид

10

2011

Ц.Цогбаяр            

анаболик стероид

11

2012

Б.Сугаржаргал    

анаболик стероид

12

2012 

Х.Мөнхбаатар      

анаболик стероид

13

2014

Б.Суманчулуун    

анаболик стероид

14

2014

Н.Адъяабат          

анаболик стероид


БӨХЧҮҮДЭЭС ХЭРХЭН ШИНЖИЛГЭЭ АВДАГ ВЭ?

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тухайн жилийн баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журмыг тогтоол гарган баталдаг бөгөөд үүндээ допингийн шинжилгээ хийх бэлтгэл, сорьц авах Ажлын хэсэг томилох, ямар хугацаанд, хаана шинжилгээ авах, шинжилгээний хариуг хэн хариуцаж явуулах, хүлээж авах, хэрхэн зарлах гээд бүх явцыг тусгадаг.

Энэ журам ёсоор Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдааны журмын дагуу наадамд шөвгөрсөн 16 бөхөөс Наадмын зохион байгуулах хороо, Допингийн эсрэг төв, холбогдох спорт холбоодын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсгийнхэн допингийн шинжилгээ авна.

Наадмаар авсан допингийн шинжилгээний дээжийг манай улс  БНСУ-ын Шинжлэх ухааны техникийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлдэг бөгөөд дээжийг хоёр шилэнд савлаж, наадам дууссанаас хойш тав хоногт батгаан, эхлээд "А" сорьцыг шинжлүүлдэг.

Лабораториос ирсэн хариуг Допингийн эсрэг төв хүлээж авснаас хойш ажлын тав хоногт багтаан, холбогдох спорт холбоо /Бөхчүүдийн шинжилгээний хариуг МҮБХ-нд/ болон Баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулдаг. Улмаар МҮБХ шинжилгээний дээжээс допингийн төрлийн бодис илэрсэн дугаар /Шинжилгээний хариуг хэн нэгэн хүний нэрээр явуулдаггүй, тусгай тоогоор кодолж илгээдэг/ бүхий бөхөд ажлын арав хоногт багтаан танилцуулдаг ба тухайн бөхчүүд хариуг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд “B” сорьцыг өөрсдийн хүсэлт, өөрсдийнх нь зардлаар /Зардал 300 ам. доллар/ дахин шинжлүүлэх журамтай. Харин бөхчүүд дахин шинжилгээ хийлгэх хүсэлтээ хариу хүлээж авснаас хойш 14 хоногт багтаан Допингийн эсрэг төвд бичгээр гаргана. 

Допингийн эсрэг төв  нь итгэмжлэгдсэн лабораториос “В” сорьцын шинжилгээний хариу ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан, сэргээш хэрэглэсэн эсэх тухай дүгнэлт гаргаж, үүнийгээ Зохион байгуулах хороо, холбогдох спорт холбоонд хүргүүлдэг бөгөөд дээрх хоёр байгууллага дүгнэлтийг хүлээж авснаас хойш 14 хоногийн хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаагүй бол Допингийн эсрэг төв хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгч болдог юм.

Энэ мэтчилэн наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээ авах, түүнийг олон нийтэд мэдээлэх, бөхчүүдийн нэрсийг зарлах явц өрнөдөг.


БАЯР НААДМЫН ХУУЛЬ БА БӨХЧҮҮДЭД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

Үндэсний их баяр наадмын тухай хуулиас….

16 дугаар зүйл. Хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага

  • 16.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлээс ногдуулна:

  • 16.1.1. тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;

  • 16.1.2. Тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;

  • 14.1.3.Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх.

  • 16.2. Энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан шийтгэлийг аймаг, сумын болон салбар хороо, 16.1.3-т заасан шийтгэлийг зохион байгуулах хороо тус тус ногдуулна.

  • 14.3. Энэ хуулийн 14.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, чимэг, байрыг хасна.

Өмнө нь допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдэд хүлээлгэж байсан хариуцлагаас харахад цол хураалгаж байсан тохиолдол байхгүй. Зарим бөхийн чимгийг хураасан, зарим бөхийн эрхийг 6 сар хүртэлх хугацаагаар, заримынх нь барилдах эрхийг нэг жилээр хасах байдлаар харилцан адилгүй шийтгэл ногдуулж иржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж