Цэргийн үүрэг ба аюулгүй байдал

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Цэргийн үүрэг ба аюулгүй байдал

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч маань цэрэг-хүчний байгууллагын дарга нараа цуглуулж байгаад Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг, эрх чөлөөтэй, бие даасан байна гэдэг бол өөрийгөө хамгаалах чадвартай байна гэсэн үг шүү гэж тодорхой хэллээ. Үнэн үг л дээ. Үүнийг бид анхааран үзэж, бодол саналаа эргэцүүлэх  ёстой. Яагаад гэвэл аюулгүй байх тухай асуудал хөндөгдөж, санал дэвшигдэж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үг, саналыг орчин үеийн нөхцөл байдалтай холбож үзэх гэж оролдсоноо та бүхэнд хүргэж байна.

Улс үндэстний язгуур эрх ашгийн аюулгүй байдал гэдэг цогц асуудлыг  өнгөрсөн, одоо, ирээдүйтэй уялдуулан холбож, иргэн бүрийг эх оронч үзэлтэй болгон бэлтгэх нийтлэг  язгуур эрх ашгийг сулруулах, санаачилгыг бусдад алдах аваас  маш ихийг, хожимдвол бүр бүтэн алдахад хүргэдэг тухай Сири улсын “Аль-Таура” сонинд гэмшсэн аястай бичээд “тэнэгийн 70 алдааг зөвшөөрч болно удирдагчид бол нэгийг ч болохгүй” /Глупому прощают семьдесят ошибок, а эмиру – ни одной/ гэдэг араб зүйр үгээ дурьдсан  харагдсан ./15,09,2015/.

Сири улс хүсээгүй боловч нутаг дэвсгэртээ бий болгосон  дайн  бусдад том сургамж болж хожим Ойрхи-дорнодын  шархтай түүх болон үлдэх биз. Нэг талаас энэ дайн ”зөөлөн хүчээр жийргэвчилсэн эрсдлийг илрүүлэн холдуулдаг, түвэгтэй асуудлууд, сорилтыг алдахгүй хардаг, өөртөө таарсан чадавхитай, байгаа бололцоо бүхнийг ашиглан  өөрийгөө хамгаалах дархлаа бүрдүүлэхээр зорих нь орчин үед аюулаас зайлсхийх нэг арга”  гэсэн эрдэмтэн судлаачдын дүгнэлтийг эргэн сануулах шиг./ "ЗНАНИЕ. ПОНИМАНИЕ. УМЕНИЕ” сэтгүүлЧжоу Ци-чао/. Өрөөлөөс илүү өөртөө найдаж  үндэсний язгуур эрх ашгийг чухалчил гэдгийг алсаас ойлгуулаад байна уу даа гэмээр.

Сүүлийн үед  үйлдэгдсэн аюул, халдлагын байдлаас харахад аюулын голомт, нян чухам хэрхэн яаж юунаас  өдөөгддөг талаар хожимдож мэдэрдэг, тайван цагт асуудлыг тэр бүр олж харахгүй тус тусын амбиц хөөдөг, аюул гэнэт бий болчихоор их бага гэлтгүй татагдан орж, үймрэн сандарч, хөлд нь чирэгдэх байдал ажиглагддаг. Нохой сүүлээ яаж шарвахыг мөнгөөр худалдан авах боломжгүй тул хэдий чинээ нэгдэн нягтарч чадна тийм л хэмжээгээр аюул багасна  /Дж.Биллингс/

Даяаршил дагасан аюул, эрсдлийг урьдчилан тааж мэдэх боломж багасч,  гэнэтийн төсөөлшгүй, олон хэлбэртэй болж байгаад улс орон бүр санаа зовж, цэргийн хүчийг техник-технологижуулах, инновацжуулах, иргэдийг  сул дорой биш эрүүл саруул хэрсүү ухаантай байнга бэлтгэлтэй байлгахыг  чухалд үзэж байна. Одоогоор хүн төрөлхтний өөрийгөө хамгаалахаар сонгосон  цэрэг, зэр зэвсэглэл дээр тулгуурлаж  аюулгүй байдлаа шийддэг энэ арга маань техник-технологийн хурдтай хөгжил, хүчний тэнцвэрийн өөрчлөлт, даяаршил  дагаад асуудлын нэг тал, хутгаар бол  зөвхөн иртэй тал нь болчихоод байгаа тул хүнээ хөгжүүлж иргэдээ бэлтгэхэд ихэнх орнууд анхаарах болжээ.

Манай судлаач-нийтлэлч Баабар гуайн “Аюулгүй байя гэвэл хөгж, хөгжье гэвэл аюулгүй байдлаа ханга” гэсэн мундаг оносон үг ч байдаг.

Монгол Улс түүхэн хөгжлийн явцад улс, эх орныхоо тусгаар тогтнолыг үүрд хадгалж оршин тогтнох, нутаг дэвсгэрээ бүрэн бүтэн байлгах, ард түмнээ айх аюулгүй амар тайван амьдруулах гэсэн язгуур эрх ашигтаа цэргийн хүчийг ашиглах, цэргийн хүчээр шийдвэрлэх, цэргийн хүчээр тогтоон барих, улс төр-дипломатын шугамаар ойлголцох, түншлэн наалдах  олон арга хэлбэрийг  сонгож, түүхэн үр дүнд хүрсэн  түүхэн уламжлалтай, багагүй туршлага хуримтлуулсан орны нэг.

Өнөө үед бид батлан хамгаалах зардлыг өсгөх замаар аюулгүй байдлаа хангана гэдэг хүндрэлтэй, эдийн засгийн чадавхи,  хүн амын тоо, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, цэрэг зэр зэвсгийн боломж, техник-технологийн  хоцрогдол, төрийн удирдлагын чадавхи гээд улс орны аюулгүй байдлыг хангахад  нөлөөлдөг олон хүчин зүйлүүд тийм бололцоог өгөхгүй.  Ийм бэрхшээл  ганцхан манайд биш НҮБ-ын гишүүн орнуудын 2/3-ийг эзэлдэг жижиг буурай ихэнх орон ийм  л проблемуудтай сууж байна. Оршин тогтнох, хөгжих, тусгаар байх, аюулын их нэрвэгдлээс гарах гэж нэг хэсэг улс орон арга ядан тэмцэж байхад боломж байсаар атал алтан агшинг  ашиглахгүй наазгайрч аюул руу чимээгүйхэн гулсаж буй улс ч байна.

Байдал иймээс жижиг буурай гэлтгүй  улс орон бүр  дотоодын асуудалдаа анхаарч Цэргийн байгуулалтыг төгөлдөржүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгож инновацжуулах, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог  бүрдүүлэх, иргэнээ бүрэн бэлтгэх байдлаар батлан хамгаалах чадварын бааз суурийг өргөтгөн нэмэгдүүлэхийг чухалчилж, өөртөө найдахыг илүүд үзэх болсон, ийм аргаар тодорхой амжилт, ирээдүйн чиглэлээ олж байгаа олон орон байна.

Аль ч улсын орон нутгийн болон иргэний хамгаалалтын зохицуулалт, бүтэц, байрлал нь газар нутгийн стратеги шинж чанар, улсын дайчилгааны боломж /материаллаг ба хүний нөөц/, дэд бүтэц, бүх түвшинд аюулгүй байдал хангах мэргэжлийн бэлтгэл-шуурхай ажиллагааны бодит чадавхи, цэргийн болон хүчний байгууллагуудын харилцан ажиллагааны зохицуулалт, орчин үеийн /unconventional warfare/”, /irregular warfare/, /compound warfare/, /state-sponsored hybrid/ гээд байгаа дайн-зэвсэгт мөргөлдөөн, чиглэсэн ажиллагаатай тэмцэх чадварлаг бүлэглэл үүсгэх, цэрэг-стратегийн өндөр мэргэжилтэн бэлтгэх, орчин үеийн зэвсэглэл техникийн хангалтыг нэмэгдүүлэх, иргэнээ орон нутагт нь тусгайлан бэлтгэх зорилгод нийцсэн байх шаардлагаас урган гардаг.

Хамгийн гол нь хүн бүр эх орон аюулгүй байхын мөн чанарыг  ойлгох нь чухал л даа. Манай ард түмэн шинээр хүү төрөхөөр эх орноо хамгаалах эр хүн нэмэгдлээ, ахмад настнууд бухимдахаараа тайван нойрсмоор байна гэдэг нь эх орон, аюулгүй байдал ямар үнэ цэнэтэйг л харуулсан ойлголт байх, харин улс одоохондоо болж байна хойшид яах нь маньд хамаагүй гэж боддог иргэн  арай үгүй байх.

Ухаантай дайсан ямар ч аюулгүй гэж өөртөө бүрэн итгэсэн үед довтолдог /Клаузавец/ гэдгийг мартахгүйгээр өөрийгөө хамгаалах чадвараа олон талтай, давхараатай болгож шатар  өрөхтэй адилхан дэс дараа, эрэмбэтэй хийх ажил бол “аюулгүй байдлын чиглэлээр үндэсний нийтлэг эрх ашгийг хангах ажил” юм.

Өөрийгөө хамгаалахад хүн хүч, мөнгө, техник-технологи, дэд бүтэц, байгаль газар зүй гээд давхар зориулалтаар ашиглах боломжтой тэр бүгд л ордог бөгөөд эдгээрийг яаж хийнэ тийм л хэмжээгээр аюулгүй байдал хангагдах ба харин түүнийг хэрхэн бэлтгэх, ашиглах дарааллыг алдагдуулбал дутуу шатраар тоглосонтой адил болчих талтай.

Монгол улс батлан хамгаалах бодлогоо үндэсний язгуур ашиг сонирхолд тулгуурлан тодорхойлоход цэрэг-улс төр, аюулгүй байдлын мэргэжилтнүүд идэвхитэй оролцож,  баримт бичиг бэлтгэн УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор батлан мөрдүүлсэн боловч бодлогоо хэрэгжүүлэхэд шаардагдах дагалдах эрх зүйн баримт бичгүүд нь гарахгүй хүлээлт үүсгээд байгаа. Аюул эрсдэл биднийг  эрх зүйн орчин бүрдэхээр сорьж үзнэ гэж  хүлээхгүй учир цэргийн байгууллын эрх зүйн орчин бүрдүүлэх нь хууль тогтоох байгууллагын маань  хойшлуулшгүй ажлын нэг  болоосой.

Орчин үед цэрэг аюулгүй байдлын зориулалтын зэвсэглэл, техникийн хөгжлийг гүйцэх, түүнийг бүрэн ашиглахад бидэнд хүндрэлтэй болсон ч гэсэн цэргийн хүн биеэр гүйцэтгэдэг үүрэг, түүнд тавигдах шаардлага, стандарт эрс өөрчлөгдөж, олон талын мэдлэг, чадвар шаардагдах болсныг цэргийн бид урьдчилан харж мэдрэх, санаачилга гарган ажиллахаас өөр гарц үгүй болж байна.

Эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлыг зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад бэлтгэх, байнга хамгаалж чадах хэрэгцээг хангасан, бусдын адил төрөл, мэргэжлийн чиг үүрэг бүхий бүтэц, зохион  байгуулалттай байх шаардлага зэвсэгт хүчний өмнө тавигдана. Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй, тэр нь үнэхээр хамгаалж чаддаг байх нь чухлаас чухал. Үүний тулд цэргийн байгуулал/ улсаа хамгаалах арга/-ыг байгуулах арга хэлбэр, зарчим, уламжлал-зүй тогтол, нөөц боломж, мөн чанар, онол, туршлага, стратеги шинж чанарыг шинжлэх ухаанд, орчин нөхцөл боломжиндоо суурилсан  судалгааны үндсэн дээр тодорхойлон хэрэгжүүлэх явдал юм.

Батлан хамгаалах тогтолцоогоо бүрдүүлэх, цэргийн байгуулал, зэвсэгт хүчний байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх ажил удаашрах нь техник технологийн дэвшлээс  хувь хүртэх, чадавхаа нэмэгдүүлэх гээд олон боломжуудыг  алдагдаж хоцрогдох магадлалтай.  Манай улстай бараг нэг  гараанаас гарсан Узбекстан, Казакстаны батлан хамгаалах зардал 1,4 тэрбум долларь , цэргийн тоо 50-65 мянга, Киргиз, Туркмен улсын  цэргийн тоо гэхэд 20 мянга болсон, ер нь бүх орны батлан хамгаалах зардал өссөн талаар Лондонд төвтэй стратеги судалгааны “IISS” төв нилээд дээр үед мэдээлсэн.//www.military-informer.narod.ru//

Эх орондоо хүн хоёр хөлөөрөө бат бэх зогсох ёстой /тогтвортой аюулгүй хөгжих гэсэн санаа байх/ гэхдээ нүд нь бүх дэлхийг харж байвал зохино гэж хал үзэж хашир суусан хүний үг байх юм. Эдийн засгийн чадавхи сулаас гадна удаан, цалгар наазгай, санаачилгагүй байх нь сайн юм биш гэдгийг дэлхийн халуун асуудлууд сануулсаар байгааг бид анзааралгүй орхиж болохгүйг “Эх орноо хамгаалах гэдэг ойлголт иргэнээ бэлтгэхээс эхэлдэг” гэсэн санал, санаачилга үр дүнд хүрээсэй.

Судлаач Ж.АМГАЛАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж