Хятадын нүүрсний хэрэгцээ дуусахаас өмнө…

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Хятадын нүүрсний хэрэгцээ дуусахаас өмнө…

Хятад бол дэлхийн хамгийн том нүүрс  олборлогч бөгөөд хэрэглэгч улсуудын нэг юм. Тийм ч учраас нүүрснээс эрчим хүчээ гарган авдаг дэлхийн хамгийн том улс юм. 2014 оны байдлаар Хятад дотоодын  нийт цахилгаан эрчим хүчнийхээ 73 хувийг дан нүүрснээс гарган авсан гэсэн үзүүлэлт бий.

1950-2012 оныг хүртэл Хятад улсын олборлосон нүүрсний хэмжээ

2013 оноос хойш Хятадын нүүрс олборлолт болон хэрэглээ нь үргэлжлэн унаж эхэлсэн бөгөөд 2015 оны эхний арван нэгэн сарын байдлаар Хятадын нүүрсний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулбал 3,7 хувиар буурчээ.

Өнгөрсөн жил гэхэд БНХАУ мянга мянган жижиг хэмжээний уурхайгаа бүгдийг хааж, 3 жилийн туршид дахин шинээр нүүрсний уурхай байгуулахгүй байх шийдвэрийг гаргажээ.

1960-2010 он хүртэл Хятад улсын олборлосон нүүрсийг ангилан үзүүлсэн байдал /хөх өнгөөр- антрацит нүүрс, ягаан өнгөөр чулуун нүүрс, шар өнгөөр хүрэн нүүрс/

Нүүрсийг найрлага бүтцээр нь ерөнхий гурван бүлэгт хуваах бөгөөд тэдгээр нь хүрэн нүүрс, чулуун нүүрс болон антрацит нүүрс юм. Тэгвэл 2014 оны эцэс гэхэд Хятадын нүүрсний нөөцөд 62 тэрбум тонн антрацит нүүрс, 52 тэрбум тонн хүрэн нүүрс байжээ. Энэ бол маш их тоо. Өөрөөр хэлбэл, энэ нөөцөөрөө Хятад ойрын 30 жил нүүрсний гачигдалд орохгүй гэсэн үг юм. Хятадын нүүрсний нөөцүүд нь байршлын хувьд газар нутгийн хойд болон баруун хойд хэсгээр байрладаг явдал нь зарим нэгэн хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдийг эрчим хүчээр хангахад түвэгтэй байдал учруулдаг байна. Гэхдээ нүүрсний нөөцөөрөө Хятад дэлхийд гуравдугаарт бичигдэг ба Хятад улсын өмнө АНУ болон ОХУ зэрэг томоохон гүрнүүд ордгийг мартаж болохгүй.

Хятадын хүн ам, хөгжил дэвшил өсөн нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ шаардлага маш хурдацтайгаар өсөж байгаа бөгөөд энэ их хэрэгцээг хангахын тулд хятадад нүүрс импортоор авах сонголтыг гаргахад хүржээ. Гэтэл нүүрсний байгаль орчинд үзүүлэх сөрөг талыг дэлхий нийтээрээ дуу авалцан хэлэлцэж, нүрсний хэрэглээнээс татгалзаж буй энэ үед Хятад нүүрсний уурхайгаа нэмэгдүүлэх чиглэлийг баримталсангүй.

Хятад улс жилд ойролцоогоор 200 сая килограмм нүүрсийг шатаадаг бөгөөд үүний дүнд 2014 оны байдлаар л гэхэд дэлхий дээр ялгарч буй нийт хүлэмжийн хийн 28,8 хувь буюу 10,4 тэрбум тоннтой тэнцэхүйц хүлэмжийн  хийг Хятад улс дангаараа үйлдвэрлэсэн байсан нь энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахаас аргагүй байдалд хүргэж буй юм.  

Өөрчлөлтийг нийслэл хотоосоо эхэлсэн нь:

Учир нь нүүрсний уурхай бол аюулгүй байдлын хувьд хангалтгүй, орчноо бохирдуулдаг, дээр нь хаягдал ихтэй бүтээгдэхүүн гэж үзжээ. Тийм ч учраас 2008 онд болсон Бээжингийн Олимпийн үеэр зохион байгуулагч орны хувьд дэлхий нийтийг хүндэтгэн нүүрс олборлогч уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоож байжээ. Энэ мэтээр Хятад 2020 оны үед гэхэд нүүрсний хэрэглээгээ бүрэн зогсоох чиглэлийг барин ажиллаж байна. Жишээ нь:

Бээжин хотын хувьд  нүүрснээс цахилгаан гаргадаг дөрвөн дулааны цахилгаан станцтай бөгөөд 2014 онд энэхүү ажлын эхлэл болгож нэг станцаа хаасан бол өнгөрсөн жил хоёрынх нь үйл ажиллагааг зогсоожээ. Харин үлдсэн нэг нь ирэх жил хаалгаа барих гэж байна. Оронд нь нүүрс биш хийн цахилгаан станцуудыг ашиглалтад оруулжээ.

Хятад нүүрсний хэрэглэснээр амсаж буй эдийн засгийн хохирол:

2008 онд Ногоон Энхтайван, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан болон Эрчим Хүчний Сан хамтран “Нүүрсний бодит үнэ цэнэ” нэртэй тайлан гаргажээ. Тус тайланд тусгаснаар Хятад улс нүүрсний хэрэглээнээсээ шалтгаалсан хэд хэдэн төрлийн эрсдлүүдтэй нүүр тулж буй аж. Үүний дотор агаарын бохирдол, усны бохирдол болон уул уурхайгаас болж осолд өртсөн, амиа алдсан хүмүүс зэргийг нэрлэжээ. Харин дээрх бүх эрсдлээс болж Хятад  жил бүр 1,7 их наяд юаний /ДНБ-ий 7 хувьтай тэнцэхүйц/ хохирол амсаж байгаа хэмээн тус тайланд дурджээ.

Хятадыг нүүрсээр хангах Оросын төмөр замын ажил юу болж байна вэ?

Монголчууд нарийн, өргөн цариг гэж хэрэлдэж суух зуурт буюу 2015 онд  БНХАУ ОХУ-аас нүүрс импортлох хэлэлцээр байгуулсан нь бидний оролцоогүйгээр асуудал шийдэгдсэн түүх бий. Тэгвэл энэ ажил хэр зэрэг явцтай байгаа талаар хүргье.

Төмөр замыг олон улсын стандартын нарийн царигтай барихаар өнгөрсөн онд шийдвэр гаргаж байсан бол энэ онд ажил хэзээний эхэлжээ. Тодруулбал, ОХУ-ын өөрийнх нь гэгддэг 1520 мм-ын өргөн царигийг өмнөд хөршийн 1435 мм-ийн нарийн царигтай хослуулан барина. Энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр хоёр тал шинэ төмөр замын хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд шинэ төмөр зам нь зүүн Сибирийг Хятадын хойд зүгийн  Жилин мужтай холбох юм.  Харин энэхүү шинэ төмөр замыг барих ажил ирэх 2-3 жилийн дотор эхэлнэ хэмээн Хятадын Төмөр Зам Группийн инженер Ванг Менгшу хэлжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр өнгөрсөн тавдугаар сард хоёр улсын хамтран байгуулсан Хятад Оросын Эрчим хүчний хамтын ажиллагааны хорооны хурал зохион байгуулагджээ. Энэхүү хурлаар хоёр улс нүүрсний импортын тарифын талаар хэлэлцсэн бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээлснээр Орос улс Хятадтай хүрэн нүүрснээс бусад төрлийн нүүрсний импортын тарифыг тэглэх тухай санал солилцсон хэмээн мэдээлжээ.

Одоогийн байдлаар Хятад улс антрацит болон коксжих нүүрсний хувьд 3 хувийн, коксжуулаагүй чулуун нүүрсэнд 6 хувь, дулааны цахилгаан станцад голчлон ашиглагддаг хүрэн нүүрсэнд 3 хувийн импортын татвар ноогдуулаад байгаа аж. Харин энэхүү хурлаас сар хүрэхгүй хугацааны өмнө ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак Хятад улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд нүүрсийг Хятад руу тээвэрлэхийн өмнө Оросын хилийн боомтууд дээр нүүрсний чанарыг шалгах хоёр улсын хамтарсан баг байгуулахаар болсноо мэдэгджээ.

ОХУ-ын нүүрсний эрэлт улам бүр буурсаар байгаа бол Хятад улсын хувьд нийлүүлж буй нүүрсний хэмжээгээрээ гуравт орох томоохон экспортлогч орон хэвээр байсаар байна. Бидний төмөр замаа барьж, дараа нь экспортлох гэсээр байтал хөршүүд маань өөр хоорондоо тохиролцон хэзээний хэлэлцээрээ хийчихсэн ажлаа эхлүүлж байна. Улс төрийн намууд нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлэх бодлогыг баримтлахаа мөрийн хөтөлбөртөө тусгасан энэ цаг үед сануулахад бидний экспорт цаашдаа нэмэгдэх бус буурах нь тодорхой болж байх шиг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж