Хараагдсан сонгуулийн хурууны “бослого”

Хуучирсан мэдээ: 2016.06.14-нд нийтлэгдсэн

Хараагдсан сонгуулийн хурууны “бослого”

Нийгэм их л бухимдалтай байна. Сав л хийвэл салаавч гаргаж, дургүйгээ хүрвэл дунд хуруу гаргахад бэлэн нөхцөл байдал үүсчээ. Иргэдэд өгөх 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авахаар болсон мэдээг дуулаад банкны хаалга сахиж суугаа иргэд баярлах нь бүү хэл–“Хувьцаагаа худална, гэхдээ саналаа өгнө гэвэл гонж” гэж ширүүлэн олон бишгүй.

Хурууны “бослого” ч гэж юу байх вэ. Пэйсбүүк, твийттерийн сэтгэгдлүүдийг харж суугаад өөрийнхөө муйхар тодорхойлсон нь тэр. Сошиал ертөнцөд хүнд хэрэгтэй санаачилга, хөгжилтэй наргиа, аялал зугаалгын зураг давамгайлдаг байсан бол одоо хэнийг ч “нулимахад” бэлэн, уг хүн нь хэн байх нь чухал бус нэр дэвшигч л бол хулгайч, луйварчин, адгийн шаар, авлигачаар нь цоллож хараалаар “булж” авай.  

Бүгдээрээ л сонгуулиас залхаж, улс төрд дургүйгээ илэрхийлнэ. Тэгсэн хэр нь тэрийгээ байн байн сануулж, яасан ихээр зовоож байгаагаа гомдоллоно. Бүгд дургүй. “Хаалга битгий тогш. Сонгуулийн сурталчилгаа авахгүй” гэсэн зарлалыг хадсан айл ч бишгүй. Хачирхалтай нь улстөрчид ч “гариг андуурчихсан” сонгуулиа муулаад Европын аварга шалгаруулах тэмцээнээ үзэх сэн гэж “далийх”.

Зарим нэгэнд маань “Нисванис”-ийн,

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч 
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг 
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн 
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ
гэх дуу ч сонгуулийг шүүмжилсэн утгатай сонсогддог болжээ.

Эрх баригчид, улстөрчдийн хийж буй увайгүй үйлдэл, шамшигдуулалт, танилын бизнесийг тэтгэсэн шийдвэрийг нь байнга ярьдаг атлаа болдоггүйг нь зайлуулж, чадвартай, өөртөө бус өрөөлийн төлөө зүтгэх хүнийг гаргахын төлөө хэзээ ч явахгүй. Уг нь энэ бүх болохгүй зүйлийг засан, залруулах сонголтоо хийж байж гэмээн өнөөгийн ядуурал, хүндрэл, танилын тогтолцооноос салах ёстой. Ингэж хэлэхээр нэг ч олигтой юм алга. Бүгд л адилхан луйварчид гэх хүн бишгүй олон бий. Тэгвэл чаддагаа олоод дэвшүүлчих хэрэгтэй. Дур хүслээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэгчээр мянга сонсохоор нэг үз гэгчээр өөрөө нэр дэвшсэн ч эрх нь нээлттэйг бодох л хэрэгтэй. Миний шалгуурт нийцэх хүн алга гээд сонгуульд оролцоогүй хэр нь бусдын сонгосон төлөөллийг баалж суух ямар шаардлага байна вэ. Өөрсдөө сонгочхоод дараа нь гоншигоноод яах вэ дээ.

Ямар ард түмэн байна тийм төр байдаг гэлцдэг биз дээ. Ирэх жилүүдэд ажилтай, ажилгүй, орлоготой, орлогогүйн аль нь байх вэ гээд амьдралынхаа чухал асуудлыг шийдвэрлэх гэж байж ийм гоомой ханддаг нь бидний л арчаагүйнх.

Улс орноо удирдах төлөөллөө сонгох гэж байж яагаад ийм хандана вэ? Бид ийм л болохоор өнөөдөр өөдгүй бэртэгчнүүд УИХ-ын суудалд санаархаж байна.

Яг л ийм тогтворгүй үзэн ядалтаар нийгэм өвчилсөн үед долдугаар сарын 1-ний үймээн болж, таван хүний халуун амь эрсдэж, иргэд цагдаагийн хооронд мөргөлдөөн гарч, олон зуун залуус эрүүл мэндээрээ хохирон, эрх чөлөөгөө халуулсан. Иргэдийн саналыг луйвардах гэсэн улстөрчдийн увайгүй үйлдэл төрийн цагдааг иргэдээ бороохойдож, буудахад хүргэсэн. Өнөөдөр үүний төлөө хариуцлага хүлээсэн хүн байна уу?!

Байхгүй. Ийм л ичгүүр сонжуургүйгээр худлаа мэдээлэл өгч байсан нөхөр өнөөдөр нэр дэвших эрхээр “шагнуулаад” явж байна.

Цагдааг иргэд рүү гал нээлгэхэд хүргэсэн эрх баригчид түүнээс хойш Монголд байхгүйгээр тоноглосон ордонтой болсон. Түүнийхээ тал хөрөнгийг саналыг нь луйвардсан татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргуулсан. Хэн хариуцлага хүлээсэн юм бэ? Цагдаагийн хэдэн дарга нар л хоригдсоноос өөрөөр яасан гэж. Тухайн үеийн эмоциор бус томоор хараад үзвэл долдугаар сарын 1-нд эртнээс нийгмийн сэтгэл зүйг бэлдэж, иргэдийг айдаст автуулж, хууль хяналтынхныг удирдлагагүй байлгасан. Яагаад гурваас дөрвөн сарын турш ЦЕГ-ын даргыг томилолгүй үүрэг гүйцэтгэгчээр байлгаад байсан бэ гэдгийг ч бодолцох л хэрэгтэй. Бид ч арчаагүй. Эрдэнэт хүний амь сүйдчихээд байхад эд хөрөнгөний төлөө нулимс туслуулж харамсаж сууснаас бус иргэдээ, эрх чөлөөгөө хамгаалаагүй. Түүнээс хойш нэг хэсэгтээ л иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс айдаг болсон.

Тэр бүхэнд улстөрчид хожиж байснаас бус иргэд хожоогүй. Харин өнөөдөр нийгмийн сэтгэл зүй оч хаях төдийд л түймэрдэхээр тийм тогтворгүй байдалд оччихож. Тиймээс л дахин тийм үймээн гаргахгүйн тулд сонгогчид нэгдэж, зөв сонголт хийх хэрэгтэй. Увайгүй этгээдүүдэд өгсөх боломж бүү олго. Бид идэвхгүй байх нь бүхнийг хараар будах нь улстөрчдөд л ашигтай. Ялангуяа энэ сэтгэлзүйгээр тоглоод үймээн самуун дэгдээх атгаг санаатай ашиг хонжоо хайгчид бишгүй бий. Тиймээс л тэдэнд бүү боломж олго. Төр барих эрхээ эдлэхээ юундаа тэгтлээ үзэн ядна вэ?

Үзэн ядаж, хараан зүхэх, хиймэл ертөнцөд хуруугаа гозолзуулахаас илүүтэй саналаа өгч, боломж олгохгүй байх нь чухал биш гэж үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж