“Дорнод газрын тос” компани байгуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

“Дорнод газрын тос” компани байгуулахаар боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Дорнод газрын тос” компани байгуулна

Дорнод аймгийн Чойбалсан хотод газрын тос боловсруулах “Дорнод газрын тос” төрийн өмчийн оролцоотой компани байгуулахыг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Компанийн хувийг эзэмших аж ахуйн нэгжийг зохих журмын дагуу сонгон шалгаруулж, компанийн дүрмийг батлахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт даалгав. Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах олон санал ирсэн ч  техник, технологийн шаардлага хангах техник, эдийн үндэслэл боловсруулсан аж ахуйн нэгж цөөхөн байна.

Дархан хотод 2 сая тоннын, Рашаант өртөөнд 300 мянган тоннын, Дорнод аймагт  120 мянган тоннын, Дорноговь аймгийн Зүүнбаянд 330 мянган тоннын, мөн Зүүнбаянд 50 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барих төслүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, сүүлийн үеийн технологитой, тунгалаг бүтээгдэхүүний гарц 80 хувь, Европын хэд хэдэн стандартад нийцэж байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд 28-600 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд үйлдвэр барих хугацаа нь хүчин чадлаасаа хамаарч 1,5-4 жил болох судалгаа гарчээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 1000 гаруй ажлын байр шинээр бий болох боломжтой юм. Иймд газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн эзэмшлийн оролцоотой, түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй, хараат бус, бага хүчин чадлаар нэн даруй байгуулах шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна

Онцгой албан татвар авахгүй

Засгийн газрын хуралдаанаар газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг өөрчлөх тухай хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92 автобензинд 100 мянган төгрөгийн татвар ногдуулж байсныг “0” төгрөг болголоо. Мөн дизель түлшинд татвар ногдуулахгүй байгааг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг 2011 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мөрдөнө. Бусад боомтоор оруулж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар болсон байна. Татварыг ингэж бууруулснаар үнийн огцом өсөлтийг сааруулах, автобензин, дизель түлшийг “Роснефть” компаниас хангалттай хэмжээгээр нийлүүлэх боломжгүй байгаа учир ОХУ-ын бусад компани, БНХАУ-аас авч нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд татварын дэмжлэг болох юм. Манай улс сард дунджаар 20 орчим мянган тонн АИ-92 автобензин хэрэглэдэг. “Роснефть” компани энэ сард зөвхөн 10 мянган тонныг өгөхөөр байгаа нь нийлүүлэлт багасахад нөлөөлж байгаа юм. Иймээс нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар тус компанитай яриа, хэлцээ хийж байгаа бөгөөд бусад эх үүсвэрээс ч шатахуун авч эхлээд байна.  “Роснефть” компаниас манай улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний импортын үнэ 7 дугаар сард тонн тутамдаа А-80 автобензин 119, АИ-92 автобензин 201, дизелийн түлш 4 ам.доллараар өсчээ.

300 тэрбум хүртэл тэрбумын үнэт цаас гаргана

Ноолууран утас болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулан 100 тэрбум төгрөгийн үнэт цаасыг эх үүсвэрийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан үе шатттай гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Мөн хонины ноос, тэмээний ноос бэлтгэгчид, үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн тулд 50 тэрбум, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргахаар болов.  Манай улс ноолуурын түүхий эдийн нөөцөөрөө дэлхийд урд хөршийн дараа хоёрдугаарт ордог боловч жилдээ 600-700 мянган ширхэг бэлэн бүтээгдэхүүн экспортолж, дэлхийн зах зээлийн ердөө 2.3 хувийг эзэлдэг учир дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Дэмжлэг үзүүлснээр ноолуурын салбар дахь 6 мянга гаруй ажлын байрыг хадгалж, шинээр нэмэгдүүлэх боломжтой төдийгүй монгол ноолууран брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж Засгийн газар үзэж байна. 

Тэгвэл ноосны бэлтгэлийн 80 орчим хувийг угаасан хэлбэрээр ихэвчлэн БНХАУ-д гаргаж, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлынхаа 30 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа юм.  Энэ нь сайн чанарын түүхий эдийн нөөц багассан, бэлтгэх тогтолцоо алдагдсан, ноосны гүн боловсруулалтын зарим үйлдвэрийн тоног төхөөрөмж хуучирсан, бэлэн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад өндөр татвар ногдуулдаг, зах зээлд импортын хямд үнэтэй, чанаргүй бүтээгдэхүүн давамгайлах болсонтой холбоотой юм. Харин жижиг, дунд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх 272 үйлдвэрийн төсөлд 251,9 тэрбум төгрөгийн санхүүжилт ойрын 2 жилд хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байна. 5845 жижиг үйлдвэр, бизнесийг 829,2 тэрбум төгрөгөөр дэмжихэд 2011-2012 онд 47 320 ажлын байр нэмэгдэх боломжтой гэж 7 яам, 21 аймаг, нийслэл, арилжааны 8 банк, мэргэжлийн 16 холбоо санал ирүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Хөрөнгө зарцуулах журмыг баталлаа

Засгийн газрын хуралдаанаар мөн “Засгийн газрын бондын эх үүсвэрээр ноос, ноолууран эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих хөрөнгийг захиран зарцуулах, хяналт тавих, тайлагнах тухай журам”, “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ыг баталлаа. Малаа эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах, ноосоо бэлтгэлийн стандартын дагуу ангилахаас гадна сумынхаа мал эмнэлгийн тасагт малын гарал үүсэл, чанар, тоо хэмжээтэй холбоотой мэдээллийг өгч бүртгүүлсэн байх шаардлагыг “Малчдад мөнгөн урамшуулал олгох тухай журам”-д тусгажээ.

Урамшууллын мөнгийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, боловсруулах үйлдвэр, “Мал хамгаалах сан”-гийн тодорхойлолтыг үндэслэн гарах сайдын шийдвэрийн дагуу сум, дүүргийн Төрийн сангаар дамжуулан малчин, мал бүхий иргэдэд олгоно. Харин ноос, ноолуурын салбарт олгох зээлийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бэлтгэсэн ноос, ноолуур, үйлдвэрлэсэн утсыг худалдан авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулж үндэсний үйлдвэрт олгох юм. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжихэд зориулсан 150 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээс бүрдэх зээлийг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр төсвөөс жил бүр олгодог зээлийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих, тайлагнах чиглэлээр одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа журмыг баримтлан олгоно гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж