Баяр ёслолын энэхүү арга хэмжээнд Бундестагийн гишүүн, Холбооны зам тээврийн сайд П.Рамзауэр, Бундестагийн Герман-Монголын парламентын бүлгэмийн дарга хат.Д.Энкелманн, Бундестагийн гишүүн К.Шнурр, У.Кумпф, Холбооны Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга др.Л.Хагебөллинг, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Аммон, германы яамд, агентлаг, хувийн хэвшил, Берлин дэх дипломат корпусын төлөөлөл, мөн Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй 180 гаруй хүн оролцов. Хүлээн авалтын эхэнд хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлж, үүний дараа Элчин сайд Б.Даваадорж, мөн Холбооны зам тээврийн сайд П.Рамзауэр нар үг хэлэв.
Өдгөөгөөс 100 жилийн өмнө монголын ард түмэн тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, өнгөрсөн хугацаанд улс орноо эрчимтэй хөгжүүлэн, дипломат алба үүсч хөгжсөний 100 жил тохиож байгаа өнөө үед бид НҮБ болон олон улсын байгууллагуудад өөрийн гэсэн байр суурь эзлэж ирсний зэрэгцээ Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг илэрхийлж, цаашид энэхүү харилцаа улам идэвхтэй хөгжих сайхан цаг үе ирээд байгааг Элчин сайд Б.Даваадорж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Холбооны зам тээврийн сайд П.Рамзауэр Холбооны канцлерийн нэрийн өмнөөс тусгаар тогтнолын 100 жилийн ойг тэмдэглэж байгаатай холбогдуулан монголчуудад чин сэтгэлийн баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйг уламжлав. Тэрээр хоёр орны харилцаа сүүлийн 20 жилд идэвхтэй хөгжиж ирсэн, мөн түүнчлэн Германы Засгийн газар Монгол Улсад ардчилал, зах зээлийн системд шилжин ороход тууштай дэмжлэг туслалцаа үзүүлж байсныг дурдан, сүүлийн жилүүдэд өндөр, дээд түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, хамтын ажиллагаа төрөл бүрийн чиглэлээр тодорхой агуулгаар баяжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, сайн сайхны ерөөлийг дэвшүүлэв.
Хүлээн авалтын үеэр “Монгол Улс – тусгаар тогтнол 100 жил” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн гаргав гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.