Арилжааны банкууд хувьцаагаа зарах гэсэн ард түмний хөлд дарагджээ. Үнэгүй цаас төдий байгаа иргэн бүрийн эзэмшилд байдаг “Эрдэнэс Тавантолгой”-н 333 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр авна гэж Ардчилсан намын Засгийн газар зарлав. Энэ бол сонгуулийн шоу төдийгүй, эрдийн засаг талаас нь харвал эрүүл шийдвэр биш. Бэлэн мөнгөний амлалтыг дагаад инфляци өснө, дээр нь байхгүй мөнгийг хаанаас олж иргэдийн хувьцааг худалдаж авах вэ гэдэг сонирхолтой “бодлого” болж байна. Уг нь иргэдийг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаагаар хуурч байхаар Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулчихсан бол эдийн засагтаа ч, иргэдийн амьдралд ч нэн чухал шийдвэр болох байлаа. Харамсалтай нь эрх баригч намын фракциудын “зодоон”-оос болж эдийн засгийн хямралд нэрвэгдсэн иргэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаагаа зарах гэж арилжааны банкууд дээр “алаан” болж байна.
Хятадын нүүрсний импорт өнгөрсөн тавдугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өсчээ. Тэгвэл Монгол Улс он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар таван тонн нүүрс Хятад руу экспортолсон талаар Уул уурхайн яам албан ёсны вэб сайтдаа дурджээ. Хятад руу нүүрсээ экспортолж байгаа орнуудаас хамгийн үнэтэй нүүрсээ хамгийн хямдхан нийлүүлж байгаа орон бол Монгол гэж хэлж болно. Монгол Улс нэг тонн коксжих нүүрсээ ердөө 35-55 ам.доллараар Хятадад зарж байна. Энэ нь төрийн бодлого муу, тээвэрлэлтийн зардал өндөр, төмөр зам байхгүй зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж байгааг нүүрсний салбарынхан ярьж буй.
Гэвч, өдгөө Монголын нүүрс Хятадын зах зээлээс улам бүр шахагдаж, манай гол өрсөлдөгч Австрали гэхэд урд хөрш рүү нүүрсээ татваргүйгээр нийлүүлэх болсон. Тавантолгойг эргэлтэд оруулж, эдийн засагтаа дэмжлэг болгохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа УИХ болон Засгийн газарт зөвлөж байсан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс “Төр засаг өр биш өв үлдээдэг байх ёстой. Хөрөнгө оруулалт байхгүй. Бид бусад зүйлээр санхүүжүүлэх боломжгүй улс шүү дээ. Нэгдүгээрт бидний шийдэх ёстой асуудал баялгийн хуваарилалт хийх асуудал. Сайн төр засаг гэдэг бол өв үлдээдэг байх хэрэгтэй” гэсэн мессежийг өнгөрсөн жилжингээ өгсөн ч Засгийн газраас өргөн барьсан төслийг эргүүлэн буцаах, Тавантолгойг үнэгүйдүүлэх, төмөр замын ажлыг зогсоох сонирхол хөрөнгө оруулалтыг гацаасандаа баярласан нэг бус гишүүнд байсныг үгүйсгэхгүй.
Тавантолгойн төсөлтэй холбоотойгоор саарал ордны хэрүүл өндрөө авч, засгаа унагаах хэмжээний зарга шүүлэг болох үед Ерөнхийлөгч “Тавантолгойн тодорхой хувийг ард иргэдэд гаргаж өгье гэж би санаачилга гаргаж байсан. Тавантолгой одоо ч ард түмэнд байгаа. Би ганцхан л байр суурь баримталж байгаа. Тавантолгой эргэлтэнд орох ёстой. Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар өөрсдөө шийдээд л яваг. УИХ буруу шийдвэл яах вэ? Аж ахуйн нэгжийн асуудлыг аж ахуйн нэгж л шийдэг” хэмээн зөвлөж байсан ч УИХ дахь Тавантолгойг эсэргүүцэх бүлэг хүмүүс нэг чихээрээ ч сонсоогүй юм. Чухам энэ асуудлаас болоод эдийн засагт орж ирдэг мөнгө хомсдож, ердөө дөрвөн жилийн өмнө улсын төсвийн 40 хувийг бүрдүүлж байсан нүүрсний салбар уналтад орсныг дэлхийн зах зээлийн үнийн уналт гэхээсээ илүү Монголын засаглалын хямрал, улстөрчдийн хоорондын талцал, зодоонтой холбон тайлбарлаж болно.
Газрын доорх баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эдийн засгаа солонгоруулах замаар хөгжилд хүрэх нь Монголын төрийн том бодлого байх ёстой. Түүнээс сонгууль болохоор л иргэдээ шилний цаанаас долоолгодог чихэр нь Тавантолгой бишээ гэж хэлмээр байна.
Ямар сайндаа л нийтлэлч Б.Баабар “2008 онд олсноо тараасан бол 2012 онд зээлж тараасан. 2016 онд байхгүй юмаа тарааж байна” хэмээн жиргэх билээ. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар Тавантолгойгоо Чалкод барьцаалж, зээлсэн мөнгөө хоол болгоод идчихсэн бол 2016 онд өрөө ч төлж дуусгаагүй байгаа “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдаж авах замаар иргэдийнхээ сэтгэлээр тоглож эхэллээ.
Эцэст нь “Тавантолгой дээр дэндүү их цаг алдаж байна. “Хугацаа нь хэтэрсэн хоол хор болдог, хугацаандаа шийдээгүй асуудал хог болдог” гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үгийг эрх баригчдад дахин сануулахад илүүдэхгүй болов уу?
Ж.ЭРХЭС