Сонгуулийн санал авах хуудсыг “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн хэвлэх үйлдвэрт хэвлэж эхэлсэн. Улсын их хурал болон орон нутгийн сонгуулийн тойргоос хамаарч, 595 төрөл, 2 сая орчим саналын хуудсыг хэвлүүлэх аж.
СЕХ-ноос мэдэгдэж байгаагаар саналын хуудсыг цагдаагийн байгууллагын хамгаалалт, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллагын хяналт доор хэвлэж байгаа аж.
Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлсэн байхаар тооцжээ.
УИХ болон орон нутгийн сонгууль зургаадугаар сарын 29-нд болно. Энэ өдөр сонгогч та санал өгөхдөө анхаарах ёстой зүйлийг хүргэж байна. Үүнд,
Өөр тойргийн санал авах байранд саналаа өгөх, хуурамч бичиг баримтаар санал өгөх, санал авах байранд саналын хуудас авч орох мөн гарах, санал өгч буй хүний саналыг баримтжуулан зураг авах, саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, нэр дэвшигчээс мөнгө эд зүйл шаардах зэргийг хориглоно хэмээн Сонгуулийн хуулийн 92 дугаар зүйлд заасан байна.
Түүнчлэн сонгуулийн өдөр ажиллаж байгаа албан байгууллага ажилтандаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг байна. Дээрх зүйл заалтыг зөрчсөн иргэнд 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч буй иргэн дээр дурдсан зүйл заалтыг анхаарч саналаа өгөх юм. Ингэхдээ зөөврийн бүхээгт саналаа нууцаар тэмдэглэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.
УИХ-ын 2016 оны сонгуульд гадаад иргэд санал өгөх боломжгүй болсон. Учир нь сонгуулийн тойрог хуваах, нэр дэвшигч тодруулах хугацаа хойшилсон учраас гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуулийн хугацаанд багтаагүй юм.
Т.НОМИН