Монгол Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад ажлын айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Мьянмар Улсын Ерөнхийлөгч Тин Чяу-тай албан ёсны хэлэлцээ хийж, Төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аунг Сан Сү Чий, Сангийн сайд Kяу Вин, Эрдэс баялаг, байгаль орчин хамгаалах сайд Он Вин, Төв банкны захирагч У Кяв Кяв Маунг нарыг тус тус хүлээн авч уулзах юм байна.
Арилжааны банкуудад, өчигдөр өглөө 07.00 цагаас эхлээд иргэд оочер дугаар үүсгэж эхэлжээ. Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрт байгаа 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг худалдаж, 300 мянган төгрөгтэй болохоор ийнхүү оочерлож эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас шийдвэр гаргаж 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянга 426 төгрөгөөр худалдаж авахаа мэдэгдсэн билээ. Ингээд өчигдрөөс арилжааны бүх банкуудад иргэдийн материалыг хүлээж авч байна.
Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас өчигдөр /2016.06.13/ мэдээлснээр энэ оны эхний таван сарын байдлаар төсвийн тэнцэл алдагдалтай гарчээ. Улсын төсвийн нийт орлого 2.1 их наяд төгрөг байна. Гэтэл гурав орчим их наяд төгрөгийн зарлагыг санхүүжүүлснээр төсвийн нийт тэнцэл 877 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Урин дулаан цаг ирж, оюутан сурагчдын хичээл сургууль амарч хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон нутгийн замд осол гарах болжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь нас хохирч, гурван хүн хүнд гэмтсэн.
Ашиглалтад орсноосоо хойш ямар ч шинэчлэл, засвар хийгээгүй Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн жил “гал алдахад” хүрч яаралтай арга хэмжээ авахаар болсон. Энэ дагуу засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.
Саналын хуудсыг хэвлүүлэх ажил өчигдөр эхэлжээ. Түүнийг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах ажлыг Сонгуулийн ерөнхий хорооноос байгуулсан Ажлын хэсэг эрхлэн зохион байгуулж байгаа билээ. Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загвар, захиалсан тоо, чанар, шаардлагын дагуу хэвлэж буй эсэхэд Ажлын хэсэг хяналт тавих бөгөөд саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна Ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглах юм.
Монголын залуучуудын холбооноос өчигдөр УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүсээс хэн нь цагаан жагсаалтад орсон бэ гэдгийг зарлалаа. Тус байгууллагаас УИХ, орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүс буюу хар жагсаалт, нэр дэвшиж болох буюу цагаан жагсаалт гэгчийг иргэд, төрийн бус байгууллагын /ТББ/ саналаар гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлээд байгаа. Өнгөрсөн хугацаанд тэд хар жагсаалтад багтсан хүмүүсийг зарласан бол энэ удаа цагаан жагсаалтад нийт 180 хүнийг багтаан, нэрлэжээ.