Ашиглалтад орсноосоо хойш ямар ч шинэчлэл, засвар хийгээгүй Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн жил “гал алдахад” хүрч яаралтай арга хэмжээ авахаар болсон. Энэ дагуу засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд хуримтлагдсан лагийн үнэрийг саармагжуулах, хүнд металгүй болгох, халдваргүйжүүлэх, цэвэрлэгээний түвшинг сайжруулах, Төв цэвэрлэх байгууламжийн тодорхой хэсгүүдэд засвар шинэчлэлт хийх, Туул гол хүртэлх усны гольдрол дагуух далан сувгийг шинэчлэх, шинээр барих, нуур цөөрмийн бохирдлыг арилгах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.
Засвар шинэчлэлтийн ажлаар хуучирч муудсан бетон хийц, тусгай зориулалтын машин механизм, цахилгаан, механик хаалт арматур, шугам хоолойг засварлах юм. Олон жил хуримтлагдсан лагийг био идэвхжүүлэгчийг /Гумит, ЕАП, Сифблок, Флокулянт/ ашиглан боловсруулж байна. Шинээр гарч байгаа лагийг электролиз, хэт авианы төхөөрөмжүүдийг ашиглан хоргүй, үнэргүй, халдваргүй, хүнд металгүй болгох юм.
ТЭЦ-ийн баруун тал хиймлээр үүссэн цөөрөм, бусад бохирдлын эх үүсвэрүүдийг АНУ-ын технологийг ашиглан цэвэрлэж байна. Харин Туул гол хүртэлх далан сувгийг шинэчлэх, шинээр хийх, хуримтлагдсан лагийг цэвэрлэх ажлуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлнэ. Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлтийн ажил есдүгээр сард дуусна гэж Ус сувгийн удирдах газраас мэдээллээ.
Л.ХАЛИУ