Бензины Онцгой албан татварыг тэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Бензины Онцгой албан татварыг тэглэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр Газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцлээ. Эл асуудалтай холбогдуулж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос дараах асуултад хариулт авлаа.

-Газрын тосны бүтээгдэхүүний Онцгой албан татварт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн. Энэ тухай тодруулахгүй юу? 

-Гадаад зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний экспортын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор  бүх Онцгой албан татварыг  тэглэлээ. Тодруулбал, Аи-92, Аи-80 авто бензины Онцгой албан татварыг тэглэж байна. Долдугаар сард авах шатахуун, авто бензины гэрээ Москвад одоо ид хийгдэж байна. Ачилтууд хийгдээд эхэлчихсэн. Гэхдээ бүтээгдэхүүний үнэ нь өнөөдөр эцсийн байдлаар шийдэгдээгүй учраас өсөх үү, үгүй юу гэдгийг шууд хэлэх боломжгүй. Тэгэхдээ Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авлаа. Одоо үнийн өсөлттэй холбоотойгоор  ямар нэг асуудал гарвал Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах хуулиар шийднэ. Мөн холбогдох газар нь хянана.

-Нефтийн бүтээгдэхүүний хангамж хэр хэмжээтэй байна вэ. Байсхийж байгаад л нефть ховордлоо гэх юм. Наадмаар аягүй бол улам ховордоно гэх? 

-Сая нэг хэсэг нефтийн хангамжийн асуудлыг улстөржүүлэх гэж үзлээ. Тоглоом хийх гэж бас нэг хэсэг нь үзлээ. Уг нь бол ингэх хэрэггүй байгаа юм. Улс орны амьдралтай холбоотой чухал асуудал дээр, тэр тусмаа гадаадын нийлүүлэлтийнх нь зах зээл дээр хүндрэл үүссэн байхад “Бид энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ” гэдэг талаас нь ярих ёстой болохоос биш үүнийгээ улам хүндрүүлээд дотооддоо улстөржөөд явах нь буруу. Бид бүх арга хэмжээг авсан. ОХУ-тай гэрээ хийсэн.  Аи-92, Аи-80 авто бензины ачилт тус бүр хийгдсэн. Хятадын талтай өчигдөр, өнөөдөр хоёр уулзсан. Тус улсын зүгээс Аи-92, Аи-80 авто бензин нийлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр бнезин дээр асуудал шийдэгдэж байна, наадмаар санаа зовох зүйлгүй гэдгийг хэлье, өнөөдрийн байдлаар. Хэрвээ ямар нэг хязгаарлалт гарах, хүндрэлтэй байдал үүсвэд бид үүнийгээ өөрсдөө мэдэгдэнэ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж