“Севол” хөлгийг гаргахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

“Севол” хөлгийг гаргахаар ажиллаж байна

Жиндо арлын ойролцоо живсэн “Севол” гатлага онгоцыг татаж гаргах өндөр өртөгтэй, амаргүй ажиллагаа ням гаригт /2016.06.12/ эхэлжээ. Гатлага онгоц живснээс хойш бүтэн хоёр жил өнгөрсөн бөгөөд хохирогчдын ар гэрийнхний шахалт шаардлагаар тэнгисийн гүнээс татаж гаргахаар болсон юм. Хохирогчдын ар гэрийнхэн живсэн хөлөг дотроос цогцос нь олдоогүй есөн зорчигчийг олох найдвар тээн хөлөг онгоцыг татаж гаргахыг шаарджээ. 476 хүнтэй “Севол” гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сард Жиндо арлын ойролцоо живснээс 304 хүн амь үрэгдсэн юм.

Өмнөд Солонгосын засгийн газраас 6825 тонн жинтэй хөлгийг тэнгисийн 40 гаруй метрийн гүнээс татаж гаргах ажилд Шанхайн “Shanghai Salvage” компанийг сонгосон юм. “Севол” гатлага онгоцыг долдугаар сарын сүүл гэхэд тэнгисийн гадаргад гаргаж ирэх төлөвлөгөөтэй байгаа аж. 145 метр урт гатлага онгоцыг дундуур нь хугалалгүй татаж гаргахад гол анхаарал тавьж байгаа гэнэ. Хөлөг онгоцыг татаж гаргах төсөлд 72 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөжээ.

“Севол” гатлага онгоц даац хэтрүүлсэн болон туршлагагүй хөлгийн багийнхны буруугаас живсэн юм. Гатлага онгоцны ахмад болон хөлгийн багийн 14 хүн ослоос амьд гарсан боловч 2-12 жил шоронд хорих ялаар шийтгэгдсэн билээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж