Зун цаг ирэхэд иргэд Туул голын дагуу амарч салхинд гардаг. “Аюулгүй амгалан Улаанбаатар” зорилтын хүрээнд иргэдийн аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд нийслэлийн хөрөнгө оруулалтаар аврагчдыг орчин үеийн техник хэрэгслээр хангаж тийрэлтэд завь, усны мотоцикль, уснаас аврах, эрэн хайх зориулалтын тусгай камер, хөвөгч гүүр зэрэг уснаас аврах ажиллагааны 28 нэр төрлийн 185 ширхэг багаж ашиглаж эхэлсэн байна.
Олон улсын шаардлага хангахуйц багаж хэрэгслийг аврах ажиллагаанд ашигласнаар иргэдийг учирч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааг богино хугацаанд шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлж байна гэж аврагчид ярьж байна.
Нийслэлийн Аврах ангийн усчин аврагчид 2012 оноос хойш усны ослоос нийт 146 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэг байгаа нь голуудын үерийн түвшин нэмэгдэж иргэд автомашинтайгаа усанд саатах, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага усанд автах зэрэг хүндрэл гарч буй юм байна.
Иймд, амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, гол ус үерлэсэн үед иргэд, малчид тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай гарам, гарц, гүүрээр зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Г.ХОРОЛ