Баянгол дүүргийн 70-р тойрогт Монголын уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшиж буй С.Хүрэлбаатар “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэрбээр нэр дэвшигчдийг Сонгуулийн хуулиа баримталж, шударга өрсөлдөхийг уриалсан юм.
С.Хүрэлбаатбар хэлэхдээ, “Ардчилсан намын дарга бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд “Өдрийн сонин”-ы 2016 оны зургадугаар сарын 10-ны өдрийн дугаарт “Хувьцаагаа худалдах эрх энэ сарын 13-ны өдрөөс нээгдэнэ” гэсэн ярилцлага өгсөн нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Тавантолгойн хувьцаанаас 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авах боллоо” зэрэг ярилцлага өгсөн нь Сонгуулийн хууль зөрчсөн” гэлээ.
“2008 оны сонгуульд Ардчилсан нам 1,5 сая төгрөг, МАН 1 сая төгрөгийн амлалт өгч байсан. Энэ удаагийн сонгуульд ч тэд мөн адил арга хэрэглэж байна. Тиймээс З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг сонгуульд оролцуулж болохгүй гэж үзээд, сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах хүсэлтийг СЕХ-нд гаргасан” гэдгийг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
Т.НОМИН