Бие хүнд гурван давхарга байдаг: бие физиологи, оюун ухаан, мөн чанар буюу мөнх орших хэсэг. Хайр энэ гурван давхаргын алинд нь ч оршиж болно. Гэхдээ чанар нь өөр өөр байна. Бие физиологийн хувьд хайр зөвхөн секслэг чанар байдаг. Чи түүнийг хайр гэж нэрлэж болно. Яагаад гэвэл, хайр гэдэг үг яруу сайхан санагддаг. Гэхдээ хүмүүсийн ерэн есэн хувь нь хайр гэж сексийг л нэрлэдэг. Харин секс бол биологид хамааралтай, физиолгид хамааралтай зүйл. Та нарын биеийн материаллаг хэсгүүд болох химийн найрлага, гормонууд чинь үүнд оролцдог…
Хүмүүсээс зөвхөн ганцхан хувь нь л үүнээс гүнзгий нэг юмыг мэддэг. Яруу найрагчид, зураачид, хөгжимчид, бүжигчид, дуучид бие махбодоос давсан нэгэн мэдрэмжийг мэдэрдэг. Тэд ухаан бодлын гоо сайхан, зүрх сэтгэлийн мэдрэмтгий чанрыг мэддэг. Яагаад гэвэл, өөрсдөө энэ түвшинд амьдардаг учраас. Хөгжимчин, зураач, яруу найрагч хүн өөр түвшинд амьдардаг. Тэр боддоггүй, тэр мэдэрдэг. Тэр өөрөө зүрхэн дотроо амьдардаг учраас өөр хэн нэгний зүрхийг бас мэдэрч чаддаг. Үүнийг л хайр гэж нэрлэнэ. Гэхдээ ийм юм маш ховор байдаг. Хүмүүсийн ганцхан хувь л ийм байдаг гэж хэлье. Тухайн хүний амьдралд ийм юм нэг удаа тохиолдсон байсан ч адилхан.
Хоёр дахь түвшин ийм сайхан атал яагаад ихэнх хүн үүн руу шилждэггүй юм вэ? Нэг асуудал үүсдэг: сайхан бүхэн их эмзэгхэн байдаг. Тэр механик төхөөрөмж шиг биш, харин ч асар эмзэг шилээр хийсэн юм шиг байдаг. Шил нэг удаа л унаж хагарсан бол ахин түүнийг нийлүүлэх боломжгүй. Хүмүүс хайрын маш нарийн давхаргуудад хүрчихээд хэт автахаас айдаг. Яагаад гэвэл, энэ түвшинд хайр маш сайхан ч, маш өөрчлөмтгий байдаг. Сэтгэл чулуу биш, тэд яг сарнай цэцэг шиг.
Яруу найрагчид, зураачид өдөр бүр л дурладаг. Тэдний хайр яг л сарнай цэцэг шиг юм. Сарнай цэцэглэсэн үедээ салхинд найган, бороонд норон, наран доор нэгэн сайхан анхилуун үнэр түгээдэг. Гэхдээ орой гэхэд тэр үхэж магадгүй. Үүнийг та болиулж яагаад ч чадахгүй. Зүрхний гүн хайр гэдэг өрөөнд гэнэт орж ирж, шинэ сэргээсэн ямар нэг юм авчрах сэрүүн салхи мэт байдаг. Чи тэр салхийг атгасан гартаа байлгаж чадахгүй. Асар зоригтой цөөхөн хүмүүс л агшнаас агшинд өөрчлөгдөн амьдарч чаддаг.
Тиймээс ихэнх хүмүүс найдварай байж чадах ямар нэг юманд л дурладаг юм.
ОШО