“Дон Жуан”-ыг БНСУ-ын найруулагч найруулна

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

“Дон Жуан”-ыг БНСУ-ын найруулагч найруулна

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрынхан БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрын уран бүтээлчидтэй хамтран В.А.Моцартын зохиол “Дон Жуан” дуурийг энэ сарын 18-ны өдөр ганцхан удаа тоглох гэж байна.

Уг хоёр бүлэгт хошин дуурийг БНСУ-ын удирдаач Рю Мён Ү удирдаж, найруулагчаар БНСУ-ын найруулагч Ан Ху Вон ажиллах юм байна. Энэхүү алдарт дуурь манай тайзнаа 12 жилийн өмнө тавигдаж байжээ.

Тус дуурийн нэгдүгээр үзэгдэл “Севиль хотын шөнө. Завхай Дон Жуан охидыг эргүүлж байх үеэр зарц Лепорелло нь ээлжит манаандаа гарч байна. Энэ удаа Дон Жуан хотын даргын охин Донна Аннаг эргүүлэхээр нүдэндээ баг өмсөж унтлагын өрөөнд орсон байжээ. Сандарсан Донна Анна гүйн гарч ирсэн боловч үл таних завхай эрд илбэдүүлэн хүч суларна. Донна Аннагийн эцэг Комендатор охиноо хамгаалж Дон Жуантай халз тулалдаж нас барав. Лепорелло, Дон Жуаныг хөтлөн зугтаалаа. Донна Анна ухаан орж үхсэн эцгийнхээ дэргэд гуниглан суухад сүйт залуу Дон Оттавио нь ирнэ. Донна Анна эцгийнхээ өшөөг авч өгөхийг гуйхад Дон Оттавио зөвшөөрөв” хэмээн дуурийн үйл явдал цааш өрнөнө.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж