Хувьцаагаа худалдах гэж үүрээр банкинд дугаарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Хувьцаагаа худалдах гэж үүрээр банкинд дугаарлажээ

“Хувьцаа худалдах үйл явц өнөөдрөөр дуусахгүй”, “Заавал оочер, дугаар үүсгэх шаардлагагүй” хэмээн банкны ажилтнууд учирлаж байна. Гэвч “Өнөөдөр л материалаа өгөхгүй бол амьдрал хэцүүдлээ” гэсэн иргэд өөдөөс нь зөрсөөр…

Арилжааны банкуудад, ялангуяа харилцагч ихтэй томоохон банк, хотын захын салбаруудад өглөө 07.00 цагаас эхлээд иргэд оочер дугаар үүсгэж эхэлжээ. Эдгээр иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрт байгаа 1072 ширхэг хувьцааныхаа 30 хувийг худалдаж, 300 мянган төгрөгтэй болохоор ийнхүү оочерлож эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас шийдвэр гаргаж 1072 ширхэг хувьцааны 30 хувийг 300 мянга 426 төгрөгөөр худалдаж авахаа мэдэгдсэн билээ. Ингээд өнөөдрөөс арилжааны бүх банкуудад иргэдийн материалыг хүлээж авч байна.

Өдрийн 12 цаг 30 минут…

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, 17 дугаар сургууль өнгөрөөд “Хаан банкны” салбар байрлана. Энд ойр хавийн иргэд уртаас, урт оочер үүсгэжээ. Заримынх нь хэлж буйгаар хувьцааны материал хүлээж авах сургаар өглөө 04.00 цагаас ирсэн байна. Чингэлтэй дүүргийн иргэн н.Батзаяа “Хувьцаа худалдах иргэд олон. Тэртэй тэргүй бөөн оочер үүсэх байх гээд үүрээр ирж зогссон. 07.00 цаг гэхэд нэлээн олон хүн цугларсан” гэлээ. Тэдний амнаас нэгэн дуугаар гарах үг бол “Амьдрал хэцүү байна”, “Өгч байгаа дээр нь авах хэрэгтэй”, “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” байв. Тиймдээ ч тэд банкны гадна 3,4,5, магадгүй түүнээс ч олон цаг оочерлох нь хамаагүй. Өнөөдөр л материалаа өгч, хурдхан мөнгөө авах хүсэлтэй гэдгээ хэлэв.

Уг нь иргэдийн материалыг харьяа харгалзахгүйгээр аль ч банкны, аль ч салбарт ажлын бүх өдрөөр хүлээж авна. Заавал өнөөдөр гэж оочер дугаар, бухимдал үүсгэх шаардлагагүй гэдгийг банкныхан тайлбарласаар л байгаа.

Ямартай ч “Хаан банк”-ны хувьд хувьцаа худалдах иргэдэд дараах шаардлагыг тавьж байна.

Арилжааны банкуудын тавьж буй нийтлэг шаардлага:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 322-оос доошгүй ширхэг хувьцаа эзэмшдэг
  • Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх
  • Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх
  • Иргэний цахим үнэмлэх /Үнэмлэх гээсэн бол ТҮЦ машины лавлагаа/
  • Тухайн банкинд данстай, эсвэл данс нээлгэсэн байх
  • Өөрийн биеэр ирэх гэсэн шаардлагуудыг тавьж байна.

Харин Улаанбаатар шилэн банкны эсрэг талд орших “Хаан банк”-ны төвийн салбарт өмнөхийг бодвол оочер, дугаар бага. Гэхдээ “Хувьцааны материал хаана өгөх вэ”, “Юу бүрдүүлэх вэ” хэмээн шаагисан иргэд хаа сайгүй. Хувьцаа худалдах иргэдэд зориулсан бөглөх цаасыг банкны ажилтан зааланд зогсоод тарааж байна. Иргэд энэ цаасыг бөглөөд иргэний цахим үнэмлэхийн хамтаар материалаа бүрдүүлж өгч байв.

Өдрийн 11 цаг 40 минут...

Бидний орсон дараагийн банк бол “Төрийн банк”-ны төв салбар. Өмнөхийг бодвол “Төрийн банк”-нд харьцангуй тайван байна. Өөрийн дугаараа хүлээж суух 10 орчим л иргэн байна. Сүхбаатар дүүргийн иргэн н.Чойжоо “Юу бүрдүүлэх, яах эсэхээ сайн мэдэхгүй л байна. Юутай ч банкинд хүрээд ирлээ. Нэг хэсэг хувьцааг 800 мянга, нэг сая төгрөгөөр авч байна гээд шуурсан. Тухайн үед тоосонгүй. Харин энэ удаад Засгийн газраас гаргасан албан ёсны шийдвэр учраас хувьцааныхаа нэг хэсгийг зарж мөнгө болгоё гэж бодсон” гэлээ.

“Төрийн банк”-ны хувьд нийслэл болон аймаг сумын 540 салбар нэгжээрээ дамжуулан иргэдийг бүртгэж байна. Тус банкны хувьд иргэдэд дараах материал бүрдүүлэлт, шаардлагыг тавьж байна.

Ийнхүү иргэд дурын арилжааны банкинд материалаа бүрдүүлж өгнө. Ингээд долоо хоногийн дараа дансанд мөнгө нь орох юм. Ингэхдээ 300 мянган төгрөгийг гурав салгаж, 100 мянгаар нь хийнэ. Дансанд тань мөнгө шилжиж орсон тохиолдолд гар утсанд мэдэгдэл ирэх аж.

Гэхдээ энэ хувьцаа иргэн бүрд адил, тэгш байхгүй гэдгийг сануулж байна. Учир нь 1072 ширхэг хувьцааг өмнө нь оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд бэлэн мөнгөөр хүртчихсэн. Энэ удаад дээрх хэлбэрээр хувьцааны үр ашгаа хүртээгүй иргэд л хамаарах юм. Иргэн та хувьцаатай эсэхээ https://net.schcd.mn/registration/ эндээс шалгаж болно.

Арилжааны банкуудын тавьж буй шаардлага, бүрдүүлэх материалыг доор линкээс харна уу.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж