Будсан, будаа идсэн хоёрын амлалт

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Будсан, будаа идсэн хоёрын амлалт

Сонгууль эхэлж, намууд өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөрөө дэлгэв. Богино хугацаанд яаран сандруу эхэлсэн сурталчилгааны эрээн мяраан хуудас, намуудын дэвшүүлж буй бодлогыг харах нь ээ “солгой хүний бүтээсэн шог зураг” шиг дутуу, дулимаг саналууд зурайх.

Ингээд АН, МАН-ын хөтөлбөрийг зэрвэсхэн шинжье.

Намууд гол хөзрөө нууж байгаад санал өгөхөөс хэдхэн өдрийн өмнө “бөмбөг” болгон гаргадаг байсан бол энэ удаад тийм хугацаа ч алга. Урьдаас дарсан “мод” ч алга. Тиймээс л Ерөнхий сайд өөрийн гол хөзөр болсон 1072 хувьцааны 30 хувийг худалдаж авахаар болсноо өнгөрөгч долоо хоногт зарлав. Энэ бол Ардчилсан намын гол хөзөр. 2008 онд Ардчилсан нам баялгаас иргэддээ хуваарилах санаачилга гарган энэхүү хувьцааг амласны хариуд МАН давж, 1,5 сая төгрөгийг бэлнээр олгохоор болсон. Сонгогчид ч мөнгө авах уу, хувьцаа юу гэж хоёр хуваагдан сонголтоо хийн аль нэгэнд нь үнэмлэхүй суудал олгоогүй. Сонгуулийн хугацаа дуусахад МАН амлалтаа биелүүлэхийн тулд “Чалько”-д өр тавьж, бэлэн мөнгө тараасны төлбөрийг бид өнөөдөр төлж барагдуулаагүй суугаа. Харин АН амлалтаа биелүүлсэн гэж байсан ч…

Тиймээс 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Ардчилсан нам ““Эрдэнийн хишиг” 1072 ширхэг хувьцааны үр өгөөжийг бодитой болгоно” гэсэн бол МАН “1072 хувьцааг үнэ цэнэтэй болгон” гэж будаа идэж үү гэмээр. Хуулиар мөнгө амлахыг хориглосон учраас мөнгө болохоор зүйлийг гарган будаа идсэн нь энэ. Гэтэл үйл явдал сонгуулийн өмнө дахин давтагдаж байна. Өнөөдрөөс хувьцааны 30 хувиа авч өрөнд орохоор иргэд эгнэн зогсов.

Энэ хувьцааг авахаар сонголтоо хийсэн хүмүүсийн хэд нь өөд болсон, үлдсэнээс хэд нь “бурхан” болохыг даанч хэлж мэдэхгүй юм. Ямартай ч найман жилийн өмнөх уриа, лоозон одоо ч хэвээрээ.

Улиг болсон уриа

Нэр дэвшигчдийнх нь уриаг нэг хүний сэтгэхүйн онцлогт таарсан гэж орхиод нэгжээс илүү бүхлийг ярьсан нь дээр. Энэ удаагийн сонгуулийн МАН-ын штабыг Ерөнхий сайд асан С.Баяр чиглүүлж, гаргасан уриа нь “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гэж… Өмнөхийг нь орхиё. Өнгөрсөн 26 жилийн 18 жилд нь эрх барьсан нам дөрвөн жил завсарлангуутаа ийн уриалсан нь итгэл үнэмшлээс илүү инээдэм, ханиадам боллоо. Өмнө нь зүтгээгүй, өөрсдөө хөлжиж гэх гаргалгааг өнөөгийн сонгогч байтугай логик голдуу бодлого боддог болсон дунд сургуулийн сурагч ч хийх биз. Ард нь хоосорч, “ардын” тодотголтой нам “баяжсан” гээд иргэдийн дургүй, зэвүү хоёрыг зэрэг хөдөлгөмөөр.

Ардчилсан нам харин “АхиулАН хийх ажил их” гэж уриаг дэвшүүлж буй бололтой. Бололтой гэсэн нь албан ёсных гэж зарлаагүй. Бас л мушгиж болохоор уриа. “АхиулАН” гэдгийг өнөөгийн эдийн засгийг улам доройтуулж, өөрсдийн хөрөнгийг улам зузаатгах нь гээд сөрөг хүчнийхэн нь сошиалаар шуугиад эхэлсэн. “Хийх ажил их” гэдгийг ажлаа хийлгүй “овоолсон” гэж “орчуулж” болохоор. Монголын улс төрийн хамгийн том гэгддэг хоёр хүчнийг уриаг сонжиход л ийм. Бусад нь ялгаагүй. Бүгд “хөгжлийн төлөө” гэх ерөнхий утгатай үг хийх ажилд тушаа болоод ч байх шиг.

Эдийн засаг мөрийн хөтөлбөрт хэрхэн суув?

Эдийн засагт чухал нөлөө үзүүлэх уул уурхайн томоохон төслүүдийг сөрөг хүчинтэй хамтарч гацаанд оруулж, Засгийн газраа дэмжээгүй Ардчилсан нам дараагийн удаад уул уурхайн экспортыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эдийн засгийг олон тулгууртай болгож, бүтээмжийг нэмэгдүүлэн ажил эрхлэгчдийн орлогыг хоёр дахин нэмэх ам гарчээ. МАН ч ялгаагүй. Бодит байдлыг өөрсдийн шийдэх асуудалтай уялдуулан гаргасан хөтөлбөртөө уул, уурхайн өгөөжийг, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх гэнэ. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан нэгэн “хөгийн” зүйл нь бүх аймгийн төвийг нийслэлтэй авто замаар холбож дуусгах. Энэ жилдээ багтаад бүгд холбогдохоор төсөвт мөнгө суучихсан зам тэдэнтэй, тэдэнгүй холбогдох нь мэдээж. Хэзээний ажил нь эхэлчихсэн яваа V цахилгаан станцыг бариулахаа ч МАН мартсангүй. Ер нь энэ мэтээр шинжээд байвал энэ удаагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр асуудлаа шийдэх гарц, гаргалаа, эдийн засгаа өөд нь татах бариад авчихаар нарийн бодлого байхгүй. Нэг зүйлийг хоёр талаас нь тайлбарласан, иргэдийг төөрөгдүүлж, “залилах” гэсэн амлалтууд дурайна.

Товчхондоо Ардчилсан намынхан ажлаа үргэлжлүүлнэ гэсэн бол МАН Ардчилсан намын хийж байсныг үргэлжлүүлэн хийх нь гэдгийг гаргасан мөрийн хөтөлбөрөөс нь харж болохоор байна. Энэ удаагийн сонгуулийг “элсэлтийн шалгалт” гэж тооцвол “будсан, будаа идсэн” гэж гурван үгээр тодорхойлж болно.

Хэрвээ сонирхож байвал өөр өөрийнхөө харьцуулаад харах үүднээс танд сонголтыг нь үлдээе.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж