БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд /ХБХ/-д зориулсан Хөгжлийн үндэсний төвийн барилга барихаар боллоо. Нийт 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босох энэхүү Хөгжлийн үндэсний төвийн барилгыг барих гэрээнд өнөөдөр /2016.06.13/ талууд гарын үсэг зурсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн үндэсний төв нь 250 ортой, нийт талбай нь 14990 мк талбайг эзэлж буй аж. Сонсголонгийн гүүр орчимд баригдана. Барилгын ажил ирэх долдугаар сарын сүүлээс эхэлж, 1.6-2 жилийн хугацаанд баригдаж ашиглалтад орох аж.
Дэд бүтцийн шугамыг татахад Монгол Улсын Засгийн газраас 20 тэрбум төгрөг зарцуулсан, гүйцэтгэл нь одоогоор 80 гаруй хувьтай явж байна гэдгийг Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд хэллээ. Уг төв ашиглалтад орсноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ. Үүнд нөхөн сэргээх эмчилгээ, хэвтүүлэн эмчлэх эмчилгээ хийгдэхээс гадна сургалт, боловсролын үйл ажиллагаа цогцоороо явах аж. Мөн хүүхдээ асрах эцэг, эхчүүд тус төвд байх орчин ч давхар бүрдэх юм байна. Хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр хөгжлийн төвийг ажиллуулах мэргэжилтэй боловсон хүчнийг сургана. Нийтдээ 150 орчим боловсон хүчнийг бэлтгэхээр төлөвлөжээ.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд боллоо.
Г.ДАРЬ