Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор энэ сарын 11-нээс эхэлсэн. Хуульд зааснаар энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаа, ухуулах самбарыг цавуулаг зүйл ашиглахгүйгээр гудамж, гэрлийн шоно, ухуулах байрны хана зэрэгт тогтоож байгаа. Мөн нэр дэвшигчид гудамж, талбайд хөлтэй самбар хийж, шонд байрлуулах тусгайлсан төмөр бэлдэцийг захиалан хийлгэсэн.
Тэгвэл сонгуулийн сурталчилгаа эхлээд хоёрхон хонож байхад өнгөрсөн амралтын өдрүүдэд нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг сүйтгэсэн, урсан тохиолдол хэд хэд гарчээ. Иймээс цагдаагийн байгууллагаас гомдлын дагуу шалгаж, дээрх үйлдлийг хийсэн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгийг анхааруулж байна. Нэр дэвшигчийн самбарыг урсан этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм байна. Энэ нь нэг сая 152 мянган төгрөгөөс нэг сая 536 мянган төгрөгийн торгууль ажээ.
Б.БАТ