Хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Хувьцааны 30 хувийг Засгийн газар худалдаж авна

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Монгол Улсын иргэдэд эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тэгвэл 30 хувиа худалдах хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс арилжааны банкуудад авч эхэлнэ. Иргэд өөрт ойрхон ямар ч арилжааны банкинд хандаж болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж аль ч арилжааны банкинд хандаж болно. 

  • Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт буюу энэ сарын 15-нд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор тов зарлагджээ. Х.Тамираас гадна Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат гэх хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх аж.

  • Оюутнууд суралцах явцдаа сургалтын төлбөрөө тодорхой хувиар хөнгөлөх, зээл авах боломжийг “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд гаргаж өгсөн. Тэгвэл оюутнууд одоогоор дээрх зээлийг “Хаан", “Голомт”, ‘Төрийн банк”-аар дамжуулан авч болох юм. Цаашид банкны тоог нэмэхээр хэлэлцэж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

  • Их, дээд сургуульд элсэн суралцах эрхээ авах элсэлтийн ерөнхий шалгалт энэ долоо хоногийн лхагва гаригт буюу зургаадугаар сарын 15-нд эхэлнэ.

Ингэхдээ суурь шалгалт болох монгол хэлний шалгалтаар эхлэх юм. Мөн энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын журамд монгол хэл ,англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан.


  • Зургадугаар сарын 29-нд болох УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, гурван эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч нийт 498 хүн өрсөлдөхөөр болж байна. Тэдний 129 нь эмэгтэй. Нийт нэр дэвшигчдийн 215 нь аймаг орон нутагт, 283 нь Нийслэлийн тойргуудад өрсөлдөх юм. Сонгуулийн хуулийн дагуу өнгөрөгч бямба гаригаас нэр дэвшигчид сурталчилгаагаа эхэллээ.

  • Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 2016.06.13-нд/ 13.00 цагт товложээ.

Уг хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулалтын гэрээний тухай юм. Эл асуудлыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэлцүүлэх аж.


  • Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асог өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзлаа. Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж