Найм дахь удаагийн парламентын сонгуульд 12 нам, гурван эсвэл 69 бие даагч гээд нийтдээ 498 нэр дэвшигч өрсөлдөхөөр өнгөрсөн долоо хоногт батламжаа авсан юм. Харин нэр дэвшигчдийн сурталчилгаа хуулийн дагуу өнгөрөгч бямба гаригаас эхэллээ. УИХ-ын 76 тойрогт өрсөлдөж байгаа намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааг ажиглахад дэвшилттэй зүйл олон бас цаашдаа бодож боловсруулах асуудал цөөнгүй анзаарагдав.
Хэдийгээр нийт өрсөлдөгчдийн тоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад буурсан ч бие даагчдын тоо нэмэгдсэн, сонгуульд өрсөлдөж буй нийт сонгогчдын гуравны нэг буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч гээд харвал эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн идэвх сайжирсан хийгээд салбар, салбарын төлөөлөл сонгуульд оролцож байгаа нь найм дахь удаагийн сонгуулийн нэг содон өнцөг гэж хэлж болно.
З.Энхболдын парламентын буюу өнөөгийн УИХ-ын долоон гишүүнээс бусад нь дахин нэр дэвшиж, Монголын улс төр ахиан МАНАНтах нь нэгэнтээ тодорхой болжээ.
Гэхдээ намууд болон нэр дэвшигчдийн сурталчилгааг харахад өмнөх сонгуулиас сайжирсан нь ч байна, муудсан нь ч байна. Тухайлбал, сонгуулийн үеэр Монгол Улс тэр чигтээ ажил хэрэгч албархуу төрхтэй нэр дэвшигчдийн зурагт хуудсанд дарагдаж, телевизээ асаах бүрт өмнөөс инээмсэглэн, сайхан амлах улстөрчдөөр дүүрдэг байлаа. Тэрчлэн энд тэндгүй урлаг соёлын том, том арга хэмжээ, шоу тоглолтууд үргэлжилж, гурил будаа тарааж, нэр дэвшигч болгон гоё сайхан амлалт, мөрийн хөтөлбөрөөр булдаг байв.
Харин энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны явцыг харахад нэр дэвшигчид ерөнхийдөө зурагтаар гарахаас илүү тойргийнхонтойгоо тулж, мөлхөө сурталчилгаа хийхээр шийдсэн нь илт. Тийм ч учраас тойргийнхонтойгоо тулж, нам зөвхөн намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчилахад анхаарал тавьж байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид ганцаарчилсан мөрийн хөтөлбөрөөр сонгогчдын тархи угаахыг хуулиар хориглосон. Энэ нь парламентын найм дахь удаагийн сонгуулийн бас нэг эерэг онцлог дүгнэж болно. Хэрэв хэн нэгэн нэр дэвшигч, аль нэг нам сонгогчдыг мөнгөөр хуурч, гурил будаа тарааж, гоё сайхан амлалт өгөх юм бол Сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт орно.
Ийм шалтгаанаар намууд ч, нэр дэвшигчид ч Сонгуулийн хуулийг зөрчихгүй байх тал дээр болгоомжтой хандаж байх шиг байна.
Сонгуульд нэр дэвшигчдийн бэл, бэнчинг сурталчилгааны өнгөнөөс харж болдог байв. Урлаг, соёлын алдартнуудыг мөнгөөр хөлсөлж, том, том шоу тоглолтуудыг зохион байгуулж, зурагт хэвлэлээр өдөр өнжихгүй гарч, аль том, хүртээмжтэй гэсэн самбар болгонд зургаа өлгөж, өөрсдийгөө сурталчилдаг баян гарууд байхад нөгөө нь өдөр шөнөгүй гудамж метрлэдэг явдал ард үлджээ.
Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид болгонд адил боломж олгохыг чармайсан нь улстөрчдөөс хатуу хууль гэх шүүмжлэлийг хүлээгээд буй Сонгуулийн хуулийн нэг давуу тал. Цаашдаа мөнгөтэй нь биш боловсролтой нь нэр дэвшдэг, намууд амлалтаар биш бодлогоор уралддаг болохын эхлэл тавигджээ гэж хэлэхэд буруудахгүй биз. Тэрчлэн өмнөх долоон сонгуулийн сонгуулийн сурталчилгаа, хятад эрлийзийн тухай хар пи-ар, хэн нэгнийгээ газар доогуур ортол, эргээд уулзахгүй, учрахгүй юм шиг гүтгэн доромжлох, гутаан муулчлах үйл ажиллагаан дээр өрнөдөг байв. Тэгвэл энэ удаагийн сонгуулиар хэн нэгнийгээ гүтгэн доромжилсон хийгээд илтэд нэр төр, гэр бүлийг нь гутаан доромжилсон өнгө аястай сурталчилгаа тун бага явагдаж байгаа бас л шинэ хуультай холбоотой. Хуульд хэн нэгнийг гүтгэн доромжилсон нэр дэвшигчийг СЕХ-ноо эргүүлсэн татах, хэвлэсэн мэдээллийн хэрэгслийн тусгай зөвшөөрөлтэй ярих асуудал хөндөгдөнө. Тийм болохоор хэвлэлүүд ч, нэр дэвшигчид ч, намууд ч харьцангуй няхуур хандаж байна.
Харин энэ удаагийн сурталчилгааны хугацаа тун бага ердөө 17-хон хоног явагдах тул сонгогчид нэр дэвшигчдээ таньж мэдэхгүй, тааралдсан таньдаг “чөтгөрөө” дугуйлж болзошгүй. Тэр тусмаа бие даагч, шинэ хүмүүсийн хувьд бол өөрийгөө сайн таниулахад учир дутагдалтай хугацаа. Нөгөөтэйгүүр дараагийн парламентад гарч ирэх 76 том улс төр ярихаас илүү тойргийн тоглолт их хийх болов уу. Энэ мэтээр энэ удаагийн сонгуулиас авахыг нь аваад хаяхыг хаяад, засахыг засаад явбал, Монголын парламент сонгодог тал руугаа улам л ойртох мэдээж. Энэ удаагийн сонгуулийн явц, нэр дэвшигчдийн байдлыг харахад Сонгуулийн хууль ч харин “сонгодог” тал руугаа ойртжээ гэж хэлж болно.