Үг үсгийн алдаатай өнгөт цааснууд айлуудаар нэг тарж, зүс царай нь танигдахгүй самбарууд гудамжаар нэг өлгөөстэй. Сонгогчид нь нэр дэвшигчдээ таних арга барилгүй, сошиал медиад хэт найдсан Их хурлын сонгуулийн сурталчилгаа эхэлж, нэр дэвшигчид гараанаас гарч байгаа нь энэ.
Сонгуулийн гарааны зурхайг харахад энэ удаагийн нэр дэвшигчид хонь, хурга нийлсэн мэт л харагдаж байна. Тиймдээ ч сурталчилгаагаа яаж явуулахаа өөрсдөө ч сайн ойлгохгүйгээр хуулиа баталчихсан нэр дэвшигчид эхний өдрөөсөө ичгэвтэр байдалд орж, сошиал медиад балбуулж эхэлжээ.
Улс төрийн хоёр гол хүчин болох Ардчилсан нам, Монгол ардын намууд сонгуулийн уриа олны анхаарлыг татаж байсан нь мэдээж.
- АН: АХИУЛАН ХИЙХ АЖИЛ ИХ
- МАН: БИД ЗҮТГЭНЭ, ХАМТДАА ХӨГЖИНӨ
Энэ хоёр уриаг улс төрийн өнгийг тодорхойлогч хүчинүүд өмнөө барин сонгуулийн босгоор алхлаа.
Өвөрмөц байх гэж хэсэг нэр дэвшигчид хичээсэн бололтой, заримыг нь “Хашаа хороо цэвэрлэнэ”, “Гэрт ирж амьдарна”, “Гоё зорилго тавина” гэхчлэн сошиалынхан шогложээ.
2016 оны УИХ-ын сонгуульд 498, ИТХ-ын сонгуульд 238 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэр бүгдээс цахим ертөнцөд хамгийн анхаарал татаж, яригдсан сонирхолтой сурталчилгаа, сонгуулийн эхний өдрүүдийн дүр зургийг түүвэрлэн сонирхуулъя.
А.ШАРХҮҮ