-Тогоонтөмөр хааны солонгос хатны тухай өгүүлэх “Ги хатан” киног “ТВ-5” телевиз монголын үзэгчдэд хүргэсэн нь түүхийг гуйвуулсан хэмээн олны дургүйцлийг төрүүлсэн билээ-
Солонгосчуудад бидэн шиг дэлхийн талыг эзэлж явсан омог бардам түүх байхгүй. Гэвч тэд зэвсэг барин тулалдаагүй боловч дэлхий дахинд солонгос соёлын нөлөөг тогтоож чаджээ. Азийн бүс нутагт том санхүүгийн хямрал болсон 1990-ээд оны үед Өмнөд Солонгосын засгийн газраас соёл урлагийн салбараа дэмжих бодлого баримталжээ. АНУ-ын засгийн газраас автомашин үйлдвэрлэл, банкны салбарыг хэрхэн дэмжсэн шиг Өмнөд Солонгосын эрх баригчид соёл урлагтаа хөрөнгө оруулсан аж. Үүнээс хойш 10 жилийн дотор солонгос дуу хөгжмийг Ази төдийгүй Барууны залуус ч сонирхох болов. “Big bang” хамтлаг “Billboard”-ыг тэргүүлж, дуучин “Psy”-ын “Gangnam Style” дуу “Youtube” сайтын рекордыг эвдсэнээс Өмнөд Солонгосын засгийн газрын бодлого маш амжилттай хэрэгжсэнийг харж болно.
K-pop /солонгос дуу хөгжим/
Өмнөд Солонгосын хамтлаг, дуучид “JYP”, “YG” гэх мэт аль нэг энтертайнмент компанид харъяалагддаг. Эдгээр компаниуд дуулж, бүжиглэх авъяастай охид, залуусыг шалгаруулан гэрээ байгуулж хамтлаг байгуулах эсвэл соло уран бүтээлч болгон бэлтгэдэг. Гэрээ байгуулсан охид, залуус олон цаг дуу бичлэг, бүжгийн сургуулилт хийхээс гадна гоо сайхны хагалгаанд орж зүс царайгаа өөрчилдөг. Ихэнхдээ охид, залуус компанийнхаа үзэмжээр дүр төрхөө бүрдүүлж, хатуу дүрэм журам, цагийн хуваарийн дор “утсан хүүхэлдэй” мэт амьдардаг гэж үзэж болно. Өмнөд солонгосын хамтлаг, дуучдын жилийн дундаж орлого 2010-2013 оны хооронд 72.2 хувиар нэмэгдэж, 46.74 сая вон болжээ. Түүнчлэн өнгөрсөн 2015 онд “SM” энтертайнмент 325 тэрбум вон давсан орлого олсон бол гол өрсөлдөгч “YG” 193 тэрбум воны ашигтай ажилласан байна.
K-Drama /солонгос кино/
Өмнөд Солонгосын дуу хөгжим олон улсад дэлгэрсний хэрээр кино, драм /олон ангит цуврал/ үзэгчдийг байлдан дагуулах болсон. Хамгийн сүүлд л гэхэд Өмнөд Солонгосын энхийг сахиулагч цэрэг болон мэс заслын эмч бүсгүй хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Нарны үр сад” кино олон улсад хит боллоо. Өмнөд Солонгос 1960-аад оноос телевизийн цуврал киног хийж эхэлжээ. Өмнөд Солонгост түүхэн сэдэвт кино олон байдаг ч үнэндээ нэг ч улсыг байлдан эзэлж байсан түүхгүй орон. Тогоонтөмөр хааны солонгос хатны тухай өгүүлэх “Ги хатан” киног “ТВ-5” телевиз монголын үзэгчдэд хүргэсэн нь түүхийг гуйвуулсан хэмээн олны дургүйцлийг төрүүлсэн билээ. Өмнөд Солонгосын жүжигчдийн олон ангит цувралд тоглох хөлс нь хэдэн саяар тоологддог. Тухайлбал, “Миний байшин”, “Нарны үр сад” зэрэг киногоор алдаршсан жүжигчин Сон Хэ Кю нэг ангид 60 сая воны хөлсөөр тоглох гэрээ байгуулдаг аж. Зөвхөн жүжигчдийн цалин, хөлсөөр барагцаалбал Өмнөд Солонгосын телевизүүд олон ангит киногоор хэр их мөнгө олдог нь ойлгомжтой.
“K-Beauty” /солонгос гоо сайхны бараа, гоо сайхны хагалгаа/
Өмнөд Солонгосын жүжигчид, дуучид сайхан арьс, үс, гоолиг биеэрээ гайхуулдаг. Тэдний нууц нь гоо сайхны хагалгаа, арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Өдгөө Өмнөд Солонгос гоо сайхны хагалгаагаар дэлхийд тэргүүлж байна. Мэлхийг үзэсгэлэнт гүнж болгон хувиргах ид шид ханхүүгийн үнсэлт биш гоо сайхны хагалгаа болжээ. Өнгөрсөн өвөл “ТВ9” телевизийн нэвтрүүлсэн “Let me in” шоунд монгол охин оролцож хэрхэн өөрчлөгдсөнийг та бид нүдээрээ харсан билээ.
Үүний зэрэгцээ солонгос арьс арчилгааны бүтээгдэхүүн Азид хамгийн алдартай. Дэлхийн хоёр дахь том зах зээл Хятад улсад гэхэд дотоодын гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү Өмнөд Солонгосын брэндүүд хэрэглэгчдийг татах болжээ. Гоо сайхны компаниуд сурталчилгаагаа цацахдаа тухайн улсад хамгийн алдартай жүжигчин, дуучныг брэндийн нүүр царайгаа болгодог.
“K-technology” /солонгос гар утас, цахилгаан бараа үйлдвэрлэл/
Өмнөд Солонгосын олон ангит кинонд гол дүрүүд дандаа сүүлийн үеийн гар утас, хэрэглэдгийг та анзаарсан биз. Өмнөд Солонгосын “Samsung” корпораци ухаалаг гар утас үйлдвэрлэлээр АНУ-ын “Apple” брэндтэй өрсөлддөг. Энэ өрсөлдөөнд “Samsung” корпораци сүүлд гаргасан “Samsung Galaxy S7 edge” ухаалаг гар утасны борлуулалтаар өрсөлдөгчөө ардаа орхижээ. “Samsung” корпораци энэ оны эхний дөрвөн сард 43.8 тэрбум ам.долларын орлого олсон аж. Хамгийн сүүлд “Samsung” корпораци өөр дээрээ 1000 дууны багтаамжтай утасгүй чихэвч гаргасан нь бас нэгэн тэсрэлт болж байна.
“K-food and medical” /солонгос хоол, эрүүл мэндийн үйлчилгээ/
Өмнөд Солонгосын олон ангит кинонд хүмүүс байнга л хоол идэж байгаагаар гардаг. Энэ нь далдуур солонгос үндэсний хоолоо сурталчилж буй нэг хэлбэр юм. Солонгос олон ангит киног телевизийн суваг болгоноор цацах болсноос хойш Монголд маш олон солонгос хоолны газар нээгдсэн. Түүнчлэн монгол хүний биед төдийлэн тохиромжтой биш ч халуун ногоотой бэлэн хоол дэлгүүр болгоны лангуун дээр өрөөтэй байна.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын бараг кино болгон дээр хэн нэгэн хүнд өвчин тусч эмнэлэгт хэвтдэг. Мөн Өмнөд Солонгосын эмч нарын ур чадвар хэр өндөр болохыг гэрчлэх эмч нарын тухай кино ч цөөнгүй. Энэ бас л сурталчилгаа. Олон ангит киноны ачаар Өмнөд Солонгосын эрүүл мэндийн аялал жуулчлал амжилттай яваа салбар болжээ. Олон орны иргэд Өмнөд Солонгост эмчилгээ, сувилгаа хийлгэхээр зорих болсон байна.