УИХ-ын сонгуулийн сурталчилгаа хуулиар заасан хугацаанд дөнгөж эхлэхтэй зэрэгцэн зарим тойрогт өрсөлдөөн шууд “гудамжны” хэлбэрт шилжжээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 57 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигч Л.Болдын сурталчилгааны самбаруудыг урьд шөнө эвдлэн сүйтгэсэн байна. Үүнийг зориудаар хийж буй дайралт, улс төрийн өрсөлдөөний бохир арга хэрэгсэл гэж нэр дэвшигчийн штаб үзэж байгаа юм байна.
Уг нь нэр дэвшигчдийн сурталчилгаа нь сонгогчдод өөрсдийн үзэл бодлыг тайлбарлан таниулах, тэдэнд сонголт хийх бололцоог олгох учиртай арга ажиллагаа юм. Түүнээс бус нэр дэвшигчдийн хоорондын өрсөлдөөн, тэмцлийн талбар биш гэдгийг хаа хаанаа анхаарах хэрэгтэй болов уу гэж тойргийн зарим сонгогч хэлж байлаа.
Сонгууль дөнгөж эхэлж байхад өрсөлдөөн ийм бохир, гудамжны гэмээр аргаар өрнөх шинжтэй байгаад санаа зовних иргэд олон байна.
Бүх зүйл хууль ёсны хүрээнд явагдаж, сонгуулийн үр дүнгээ улс төрийн намууд нь үнэн шударгаар хүлээж соёлтой хандахыг уриалмаар байна гэдгийг ч хэлж байлаа.
Тус тойрогт Ардчилсан намаас Л.Болд, МАН-аас С.Оюунбилэг, МАХН-аас Ц.Лхагвасүрэн, “Эх орончдын эвсэл”-ээс Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, бие даагч Т.Доржханд нарын зэрэг хүмүүс өрсөлдөж байгаа юм.
Г.ХОРОЛ