Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Ази, Европын Сангийн сайд нарын уулзалтад оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асог хүлээн авч уулзлаа.
Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа Ерөнхий сайд тэмдэглээд, Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд тус улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцаанд Монгол Улсын төр, засаг өндөр ач холбогдол өгдгийг нотлон тэмдэглэлээ.
Хоёр орны Парламент, Засгийн газрын хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж, 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тууштай өснө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.
“Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр”-ийн биелэлт 90 хувьтай байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд дараагийн шатны Дунд хугацааны хөтөлбөрийг байгуулах, уг хөтөлбөрт Японтой дунд хугацаанд хамтран хэрэгжүүлэх төслүүд, нэн ялангуяа төмөр зам, нүүрс-химийн аж үйлдвэр, аж үйлдвэрийн кластер байгуулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг зөвлөлдөж, тусгах саналтай байгаагаа хэллээ.
Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд Таро Асо хүлээн авч уулзсанд Ерөнхий сайдад талархал илэрхийллээ. Тэрээ 1990-ээд оны эхээр олон улсын залуучуудын танхим байгуулах үеэр анх манай оронтой танилцаж байсан байна. Тэр үетэй харьцуулахад Монгол Улс хурдацтай хөгжсөнийг тэмдэглэлээ. Япон Улсын Засгийн газар Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх бодлого баримталдгийг нотлон хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.