НТӨ III жилийн өмнөх нум сумны хүрэл зэв, Шинэ чулуун зэвсгийн үеийн арьсан саадаг болон орчин үеийн хуванцар, модон нум сум зэрэг монгол нум сумын түүхэн хөгжлийн харуулсан сонирхолтой “Монголчуудын өв соёл – Монгол нум 3000 жил” үзэсгэлэн өнөөдөр /2016.06.10/ Монголын үндэсний түүхийн музейд дэлгэлээ.
Үзэсгэлэнд дэлгэсэн үзмэрүүдээс Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Шүүтийн хаднаас олдсон XIII-XIV зууны үед хамаарагдах даавуу, нэхийгээр урласан цэрэг дээл нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Уг цэрэг дээл нь баруун гар дарсан ташуу энгэртэй, бүсэлхийдээ тусгайлан ширээс гаргасан олон хуниастай, богинохон дэрвэгэр хортойтой, үсийг нь дотогшоо харуулан зүйж оёсон өвлийн дээл байв.
Цэрэг дайчид дээлийн ханцуйн дээд хэсгийн тусгай ангархайгаар гараа гарган дээлийн ар гол дахь товчноос сугалсан ханцуйгаа товчлон өмсч, дайснаа нум сумаар харвадаг байсан тухай судлаачид тайлбарлалаа.
Монгол нум судлаач Л.Мөнх “Монгол нум сум нь анх Хүннүгийн үеэс богинохон, гичиртэй болж хөгжсөн түүхтэй. Нум нь гичиртэй болсноос сум илүү хол тусдаг болсон. Энэ үеэс эхлэн нум сум маань хөгжсөөр Их монгол эзэнт гүрний үед монголын нум сумын хөгжлийн оргил үед хүрсэн гэж үздэг. Тухайн үед эзэнт гүрний хэмжээнд нум сумыг урлаж, богино хугацаанд хүчирхэг зэвсэгтэй болж байсан юм” хэмээн ярилаа.
Үзэсгэлэнд Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн XIX зуун хүртэл үеийн олон гайхамшигтай олдворуудаас гадна Монгол улсын Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гоц мэргэн Ж.Баттөмөр, нум урлаач Л.Чойдорж, Т.Батмөнх, С.Болдбаатар, Л.Мөнх нарын урласан бүтээлүүд, хувийн цуглуулгыг олон нийтэд сонирхуулжээ.
Нум сум урлаач Л.Чойдорж “Монгол нум сум үндсэн гол мод, шөрмөсөн ар, эвэр элэг гэсэн гуравхан зүйлээс бүтдэг хэдий ч урлахад маш нарийн ажиллагаа шаарддаг. Хүн төрөлхтний хэмжээнд нум сумыг бууны дайтай урлаж байна. Монголын үндэсний нум сум нь үндэсний эрийн гурван наадмын нэг гэдгээрээ онцлог юм. Хийж буй материалууд нь бүгд байгалийн гаралтай, амьд бүтээл юм” гэв.
Монгол улсын хэмжээнд монгол нум сумыг урладаг таван хүн байдаг бөгөөд тэдний ур чадварыг өвлөх залгамж халааг бэлтгэхэд анхаарах цаг болсныг судлаачид онцолж байв.
Уг үзэсгэлэнгийн үеэр БСШУЯ-ын Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр Үндэсний түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн удирдлагуудад англи хэл дээр хэвлэсэн музейн танилцуулгыг гардуулж өгсөн юм.